Иран улсад инфляцын өсөлт, валютын ханшийн уналттай холбоотой эсэргүүцлийн жагсаал ес дэх өдрөө үргэлжилж байна.
Энэ жагсаалын үеэр дор хаяж 35 хүн амиа алдаж, 1200 гаруй иргэнийг саатуулаад байгааг мэдээлэв.
Тодруулбал Ираны риалын ханшийн огцом уналт тус улсад эдийн засгийн хямрал үүсгэж, мах, будаа зэрэг гол нэрийн барааны хүнсний үнэ огцом өссөн.
Эсэргүүцлийн жагсаал анх Тегеран хотоос эхэлсэн бол одоо 26 мужийн 220 гаруй байршилд өргөжөөд байна.
Ираны асуудлаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп үг дуугарч эхэлсэн бөгөөд Ираны эрх баригчид жагсагчдын аминд дахиж халдвал “хүнд цохилт” өгөхөө анхааруулсан.
Ираны эрх баригчид жагсагчдын шаардлага, шүүмжийг сонсоно гэдгээ мэдэгдсэн ч нөхцөл байдлыг далимдуулж эмх замбараагүй байдал өдөөх, үймээн самуун үүсгэхийг оролдсон хүмүүст хатуу арга хэмжээ авна гэсэн юм.
2022 онд олон нийтийн газарт зохисгүй хувцасласан шалтгаанаар саатуулагдсан охин цагдаагийн газар амиа алдсаны дараа Иранд томоохон эсэргүүцлийн ажиллагаа өрнөсөн.
Энэ удаагийн жагсаал уг тэмцлээс хойш хамгийн томд тооцогдох эсэргүүцлийн хөдөлгөөн болж байна.
АНУ тэргүүтэй олон улсын хориг арга хэмжээ эдийн засгийн нөхцөл байдал дордоход томоохон нөлөө үзүүлсэн ч энэ нь цор ганц шалтгаан биш юм.
Ираны өндөр албан тушаалтнууд болон тэдний гэр бүлийг хамарсан авлигын хэргүүд олон нийтэд ил болсон нь иргэдийн уур бухимдлыг улам нэмэгдүүлсэн.
Эх сурвалж: АР











































































