АНУ-д төвтэй хүний эрхийн байгууллагаас Иранд иргэдийн эсэргүүцлийн хөдөлгөөний үеэр амиа алдсан хүний тоо 500 давсаныг мэдээллээ.
Мөн 10 мянга гаруй хүнийг баривчлаад байгаа аж.
Ираны эрх баригчид жагсагчдын эсрэг хүч хэрэглэвэл АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хөндлөнгөөс оролцоно хэмээн сүрдүүлсэн.
Тэгвэл Ираны зүгээс АНУ хөндлөнгөөс оролцсон тохиолдолд хариу арга хэмжээ авна гэдгээ мэдэгдлээ.
Амиа алдсан хүмүүсийн тоог хүний эрхийн ажиглагч байгууллагууд мэдээлж буй бөгөөд одоогоор Ираны эрх баригчдын зүгээс албан ёсны мэдээлэл өгөөгүй байна.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 28-наас эхлэн иргэд үнийн өсөлт, валютын ханшийн өсөлт, эдийн засгийн хүнд нөхцөл байдлын улмаас жагсаж эхэлсэн.
Улмаар уурссан иргэд засгийн газрын бодлогыг эсэргүүцэх, дээд удирдагч Аятолла Али Хаменейг огцрохыг шаардаж эхэлсэн. Мөн цөллөгт байгаа Ираны хуучин шахын хүү Реза Пахлавиг эргэн ирүүлэхийг шаардсан юм.
Иргэдийн хөдөлгөөн Ираны бүх 31 мужид өргөжсөний дараа засгийн газраас интернэт сүлжээг тасалсныг хүний эрхийн байгууллагууд мэдээлж байв.
Эх сурвалж: ВВС












































































