АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп “Ирантай бизнес хийдэг улсууд АНУ-тай хийж буй бүх худалдаанд 25 хувийн татвар төлнө” гэж анхаарууллаа.
Тэрбээр энэ шийдвэрээ “эцсийнх бөгөөд шууд хэрэгжүүлж эхэлнэ” хэмээн тодорхойлсон ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй бөгөөд Цагаан ордноос ч албан тайлбар өгөөгүй байна.
Ираны гол экспортын зах зээлд БНХАУ, АНЭУ, Энэтхэг зэрэг улс багтдаг. Татварыг эдгээр улсаас бараа нийлүүлж буй Америкийн компаниуд төлнө.
Иран улсад сүүлийн дөрвөн жилийн хугацаан дахь хамгийн том эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж буйтай холбоотойгоор Трамп Ираны эрх баригчдыг сүрдүүлж эхэлсэн.
Тодруулбал Трамп Ираны эрх баригчдыг жагсагчдын эсрэг хүч хэрэглэвэл АНУ оролцож эхэлнэ гэдгээ мэдэгдсэн.
Эдийн засгийн хүндрэлтэй холбоотойгоор эхэлсэн уг эсэргүүцлийн жагсаал гурав дахь долоо хоногтоо үргэлжилж байна.
Жагсаалын үеэр 500 гаруй хүн амиа алдаж, 12 мянга гаруй хүн баривчлагдсан гэдгийг хүний эрхийн байгууллагууд мэдээлж буй.
Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой олон улсын хориг арга хэмжээнүүд тус улсын эдийн засагт сөрөг нөлөө үзүүлсэн бөгөөд засгийн газрын буруу удирдлага, авлигаас шалтгаалан эдийн засаг нь улам доройтсон.
Эх сурвалж: Reuters











































































