Засгийн газрын эсрэг жагсаал цуглаан гурав дахь долоо хоногтоо үргэлжилж буй Иран улсад Элон Маскын “Starlink” интернэтийн үйлчилгээ үнэгүй болжээ. Иранд өмнө нь идэвхгүй байсан хаягууд идэвхтэй болж, Мягмар гаригаас эхлэн /2026.01.13/ хураамж нь үнэгүй болсон байна.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Элон Маск нар энэ долоо хоногийн эхээр утсаар ярьж, Иранд “Starlink” үйлчилгээг холбох талаар хэлэлцжээ.
“Holistic Resilience” ашгийн бус технологийн байгууллагын гүйцэтгэх захирал Ахмад Ахмадиан “Зүгээр холбоод л болно. Хиймэл дагуулын терминалыг тэнгэр тод харагдах газарт байрлуулаад л болно” гэжээ.
Жагсаал цуглаанаас болоод Ираны засгийн газар сүүлийн хэдэн өдөр хүн амын интернэт хандалтыг хязгаарлаад байсан. Нас барагсдын тоог 1800 давсан гэж үзэж байгаа бөгөөд интернет тасалдсанаас болоод бодит тоог тогтооход амаргүй байгаа аж.
“Starlink” үнэгүй болох нь идэвхтнүүд, тэмцэгчдийн хувьд таатай алхам болж байна. Гэхдээ энэ нь Ираны 92 сая хүн амын цөөн хувьд л нөлөөлөх шийдвэр болов уу. Үүний зэрэгцээ эрх баригчид иргэдийн нэвтрэх эрхийг гацаах магадлал өндөр юм. Ираны иргэдийн интернэтийн хандалтыг хаах нь дэглэмийн хувьд харьцангуй хялбар. Тус улсад интернет үйлчилгээ үзүүлдэг хоёр л компани байдаг аж.
Ажиглагчдын үзэж буйгаар, дайн байлдаантай байгаа бүс нутагт “Starlink”-ийг байршуулах нь АНУ зөөлөн хүчний бодлогын нэгээхэн хэсэг юм. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн ажиллагаа зэргээр жагсагчдыг дэмжихэд бэлэн гэдгээ мэдэгдсэн.











































































