\”Бүс ба зам” олон улсын дээд түвшний уулзалтад оролцож буй Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 2017 оны тавдугаар сарын 13-ны өдөр БНПУ-ын Ерөнхий сайд Беата Шидлотой уулзлаа.
Монгол Улс нь НҮБ-ын байнгын бус гишүүний сонгуульд Польш улсыг дэмжсэнд талархаж буйгаа Ерөнхий сайд Беата Шидло онцлов. Монгол Улстай уул уурхайн салбарт хөрөнгө оруулахаас гадна Монгол, Польш улсууд оюутан харилцан солилцох, Монголын их дээд сургуульд польш хэл заах хөтөлбөр хэрэгжүүлэх, палентлогийн салбарт хамтарч ажиллахад дэмжихийг Монгол Улсын Ерөнхий сайдаас хүслээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Польшийн хөрөнгө оруулагчидтай хамт Европын технологи, стандарт орж ирэх учир дэмжинэ гээд Улаанбаатарт Элчин сайдын яамаа нээх хэрэгтэйг гэв. Элчин сайдын яамаа нээснээр хоёр талын харилцаа, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа илүү эрчимтэй хөгжих боломжтойг Монгол Улсын Ерөнхий сайд онцоллоо.
Уулзалтаар талууд Польшид суралцах монгол оюутны тоог нэмэгдүүлэх, соёл, боловсрол, палентлоги, нийгмийн хамгааллын салбарт хамтарч ажиллах талаар санал солилцлоо.
Мөн өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад Японы Либерал ардчилсан намын дара Тошихиро Никай тэргүүтэй төлөөлөгчид бараалхлаа.
Манай хоёр улс бол стратегийн түншүүд бөгөөд эдийн засгийн түншлэлийн хүрээнд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа хөгжих боломжтойг ноён Тошихиро Никай тэмдэглэв.
Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг тэмдэглэх, энэ хүрээнд Монголд зорчих Японы жуулчдын тоог нэмэгдүүлэх талаар талууд санал солилцлоо.
ЭХ СУРВАЛЖ: ЗАСГИЙН ГАЗАР