Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн асуудлаар Сонгуулийн ерөнхий хороо хуралдаж МАХН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Н.Энхбаярыг бүртгэх боломжгүй гэх шийдвэр гаргасан байна. Түүнийг хэд хэдэн үндэслэлээр нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзжээ.
Үүнд:
-Нэр дэвшигчийн бүрдүүлэх ёстой баримт, бичиг дутуу /хилийн албаны тодорхойлолт хавсаргаагүй/
-Ял шийтгүүлж байгаагүй гэсэн шаардлагыг хангаагүй. Өөрөөр хэлбэл, ялтайд тооцох хугацаа дуусаагүй. Цагдаагийн ерөнхий газрын тодорхойлолт болон Сүхбаатар дүүргийн шүүгчийн захирамжид дурдсанаар түүнийг ялтайд тооцох хугацаа 2017 оны наймдугаар сарын 2-нд дуусах аж.
-Мөн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь 5-аас доошгүй жил эх орондоо тасралтгүй оршин суусан байх шаардлага хангаагүй. Тодруулбал, Н.Энхбаяр нь 2013 оны 8 дугаар сарын 13-наас 2014 оны 10 дугаар сарын 9-ныг хүртэл буюу 13 сарын турш эх орондоо байгаагүй гэж үзэж бүртгэхээс татгалзжээ.
Энэ асуудлаас болоод МАХН-ын гишүүд дэмжигчид өлсгөлөн зарлана гэж мэдэгдээд байгаа. Уг нь Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд дээрх заалтууд тов тодорхой бичээстэй байдаг. Гэвч МАХН-ынхан л үүнийг уншаагүй, эсвэл зориудаар зөрчиж, Н.Энхбаярыг нэр дэвшүүлэхээр зүтгэснээс эцэстээ өлсгөлөн хүртэл зарлах хэмжээнд тулчихлаа. Тэгэхээр МАХН хууль зөрчөөд ч хамаагүй Н.Энхбаярыг нэр дэвшүүлэхийг санаархаж байна гэж ойлгогдохоор. Н.Энхбаярт Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх ямар шаардлага байгаа вэ. Мөн түүнд нэр дэвшээд ялах боломж үнэхээр бий юу. Яагаад Н.Энхбаярыг 2005 онд Ерөнхийлөгчөөр сонгогдоход хэрэгжиж байсан хууль түүнийг ял эдэлмэгц хэрэгжих ёсгүй болчихдог байна вэ.