Титаник хөлөг онгоцны ослоос амьд гарсан зорчигчийн өмссөн аврах хантааз дуудлага худалдаагаар 900 мянган ам.долларт хүрч зарагджээ.
Уг хантаазны дуудлага худалдааг Henry Aldrige & Son байгууллага зохион байгуулсан бөгөөд дээд тал нь 470 гаруй мянган ам.долларт хүрнэ гэж төсөөлж байв.
Уг хантаазыг Титаник хөлөг онгоцны нэгдүгээр зэрэглэлд зорчиж явсан Лаура Мабел хэмээх эмэгтэй өмсөж байжээ.
Хантааз дээр түүнтэй хамт амьд гарсан хүмүүсийн гарын үсэг байгаа бөгөөд дуудлага худалдааг зохион байгуулсан компанийн захирал үүнийг “Титаниктай холбоотой хамгийн үнэтэй дурсгалуудын нэг” гэж тодорхойлсон байна.
114 жилийн өмнө Титаник хөлөг онгоц аялалд гарсан бөгөөд тухайн үедээ дэлхийн хамгийн том зорчигч тээврийн усан онгоц байв.
Аялалд гарснаас дөрөв хоногийн дараа Атлантын далайд мөсөн уул мөргөж, гурван цагийн дотор живсэн юм.
Ойролцоогоор 2200 хүн зорчиж явснаас 700 орчим нь амьд үлдсэн бөгөөд аврах завь хүрэлцээгүй байсан нь гол шалтгаан болсон гэж үздэг.
Эх сурвалж: CNN











































































