Эрэгтэйчүүдийн сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлаарх судалгааны дүгнэлт ХЭҮК-оос танилцууллаа.
Монгол Улсад эрчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс 9.2 жилээр бага гэсэн үзүүлэлттэй. Энэ нь дэлхийн дунджаас өндөр үзүүлэлт юм.
Нас баралтын суурь шалтгаануудыг өвчлөл, осол гэмтэл болон амиа хорлолт эзэлж байна.
Монголын дөрвөн бүсийн эрчүүдийг хамруулсан Дэлхийн банкны судалгаагаар судалгаанд оролцсон эрчүүдийн 59 хувь нь өвдсөн үедээ л эмнэлэгт ханддаг гэжээ. Харин 20 хувь нь огт эмчид хандаж байгаагүй гэжээ.
“Эр хүн өвдөх ёсгүй” гэсэн хэвшмэл ойлголт эрүүл мэндээ үл хайхрах, сэтгэл зүйн асуудлаа нуух гол шалтгаан болж байна гэж ХЭҮК-оос дүгнэжээ.
Ид хөдөлмөрийн насны буюу 30-59 насны эрчүүдийн дунд эмнэлэгт хандах хандлага бага байгаа нь ХЭҮК-ын судалгаагаар харагджээ. Үүний шалтгаанд цаг зав байхгүй, чөлөө олддоггүй, урт дараалалтай байдаг зэрэг багтсан байна.
Иймд эрчүүдэд ээлтэй эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулахад анхаарал хандуулах шаардлагатай гэдгийг онцлов.
Түүнчлэн гол анхаарал хандуулах ёстой зүйл нь сэтгэцийн эрүүл мэнд байна. Үүний цаана амиа хорлолт, донтолт зэрэг асуудал яригдана.
Эрчүүдийн амиа хорлолтын түвшин эмэгтэйчүүдийнхээс тав дахин их байна. Тэр тусмаа 35-44 насны эрчүүдэд амиа хорлолт хамгийн өндөр байна. Түүнчлэн сүүлийн үед хүүхдүүдийн дунд амиа хорлох оролдлого гарч байгаа нь анхаарал хандуулах ёстой нэг үр дүн болжээ.
Гэтэл сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хангалтгүй байна. Иймд ХЭҮК-оос сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг эрүүл мэндийн тэргүүлэх чиглэл болгох, амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх бодлого, төлөвлөгөөг яаралтай батлах, сэтгэл засалч эмч нарын хүрэлцээгүй байдлыг шийдвэрлэх шаардлагатай гэдгийг зөвлөж байна.
Ингэхдээ өөрөө эмчилгээ хийлгэж, даван туулан эдгэрсэн хүмүүсийг сэтгэцийн сэргээн засах тусламж үйлчилгээний зөвлөгчөөр бэлтгэн ажиллуулж, хүний нөөцийн хомсдолыг шийдэх боломжтой гэв.










































































