Иргэдийн дунд бухимдал үүсгээд буй махны үнийн өсөлтийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат мэдээлэл өглөө.
Тэрээр “Инфляци махны үнэд маш их нөлөөлж байна. Засгийн Газрын тогтоол, албан даалгавруудад төв суурин газрын махны хэрэгцээг өөрсдөө бүрдүүлэх албан даалгавар өгсөн. Үүний хүрээнд аймгууд нөөцөө бүрдүүлэх ажилдаа орж эхэлсэн. Нийслэл нэлээн бодитой ажиллаж байна. Ажлын хэсгээ байгуулсан, худалдан авалтыг хэрхэн зохион байгуулах талаар өчигдөрхөн хурал хийсэн.
Намар мал худалдаж авах, нөөцөө бүрдүүлэх ажил дээр урьд өмнөхөөс илүү хэмжээгээр бэлдэнэ гэсэн том зорилготой байна. Яг одоо хөдөөний малчин малаа хэдээр үнэлэхийг би хэлж мэдэхгүй.
Өнөөдөр өглөө л гэхэд Дэнжийн 1000 дээр хөдөөний төхөөрөх үйлдвэрүүдээс мах ачаад ирсэн гурван машин “хүмүүс авахгүй байна” гээд буцлаа. Тэнд хөдөөнөөс ачиж ирсэн хонины мах 19,000 төгрөг, үхрийн мах 21,000 төгрөгөөр бөөний үнээр байна.
Дорнод аймагт мал төхөөрөх үйлдвэрт маш их адуу, үхэр, хонь байна. Ажиллаад, төхөөрөөд явчихъя гэхээр борлуулалт байхгүй байгааг бичлэгээр явуулжээ. Гэтэл энд мах нэг машинаас нөгөө машин руу очиход л 3000-4000 төгрөг нэмэгдэж байна. Цаашлаад дэлгүүр, захуудад очоод бас дахиад нэмэгдэнэ.
Нийслэл ч махны үнийн асуудлыг шийдэхээр том судалгаа хийж байна. Баруун аймагт Засгийн Газрын тогтоосон хорио цээрийн дэглэм наймдугаар сарын 5-ны Засгийн Газрын хуралдаанаар яригдана. Энэ асуудал шийдэгдэхээр баруун аймгаас малын мах чөлөөтэй орж ирнэ гэсэн хүлээлттэй байна” гэж ярилаа.











































































