Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо цэцэрлэгийн насны 2000 гаруй хүүхэдтэй. Үүнээс 70 гаруй хувь нь цэцэрлэгт хамрагдаж чаддаггүй байна. Тиймээс дүүргийн зүгээс байгаа нөөц бололцоогоо дайчлан хуучин ахуй үйлчилгээний зориулалтаар баригдсан барилгын зориулалтыг өөрчилж, хүүхдийн цэцэрлэг болгохоор төлөвлөж байгаагаа хотын даргад танилцууллаа. Уг барилга нь ашиглагдахаа болиод хэдэн жил болж байгаа бөгөөд цэцэрлэг болгоход 260 орчим сая төгрөг шаардагдах тооцоо гаргасныг дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн хэлсэн юм. Ахуй үйлчилгээний барилгыг цэцэрлэг болговол 80 гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломжтой болох юм байна. Ингэвэл 80 гаруй эцэг эх ажил хөдөлмөр эрхлэх, 80 айлын орлого нэмэгдэх давхар боломж бүрдэх юм.
Хотын дарга СХД-ийн Засаг даргын Тамгын газарт ажиллах үеэр ч дүүргийн цэцэрлэг сургуулийн хүртээмж муу байгаа талаар хотын даргад дуулгасан. Дүүргийн хэмжээнд цэцэрлэгт хамрагдалт 62 хувьтай байна. Мөн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 40 хувь нь 3 ээлжээр хичээллэдэг байна. Улаанбаатар хотын хэмжээнд 3 ээлжээр хичээллэдэг сургуулийн 60 хувь нь сонгинохайрхан дүүрэгт байдаг аж.
Тамгын газрын ажилтнуудтай уулзах үеэрээ хотын дарга Төр гэдэг бол хүнд сурталгүй, иргэддээ хүрч үйлчилдэг байх хэрэгтэйг онцолсон. Тэр дундаа төрд зүтгэж байгаа хүмүүс, дүүргийн дарга нар хороо бүртээ хүрч ажиллах үүрэг өглөө гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.