1990-ээд он. Хятад улс даян дэлхийд эдийн засгийн супер өсөлтийг үзүүлж, ёстой нөгөө бидний хэлдгээр хөгжил дэвшлийнхээ гараан дээр ирчихээд байв.
Гэвч энэ гайхамшиг цаанаа асар том хямралтай тулчихсан байжээ. Энэ бол инфляц. Хятадын инфляцийн түвшин 20 хувийг хэдийнээ давж хяналтаас гарчихаад байв. Азаар коммунист намын үнэнч гишүүн Жу Рунжи инфляц яагаад гаардгийг мэддэг нэгэн байжээ.
Цахилгааны инженер мэргэжилтэй Жу Рунжи 1949 онд коммунист намд элсээд хожим 1984 онд Чинхуа их сургууль байгуулагдах үеэр өөрийн санаачилгаар эдийн засгийн салбар сургуулийг байгуулан өөрөө захирлаар 17 жил ажиллажээ. Энэ үедээ цахилгааны инженер тэрээр хувиараа эдийн засаг сонирхон судалж, барууны нэртэй эдийн засагч нарыг урьж авчран лекц уншуулж, өөрөө аминчлан уулздаг байв. Нэрт эдийн засагч Милтон Фридман түүнтэй уулзаад нэгэнтээ “Жу Рунжи бол зах зээлийн эдийн засгийг гайхалтай сайн ойлгодог хүн юм” хэмээн хэлж байжээ.
Жу Рунжи инфляц гэдэг бол мөнгө хэвлэлтээс үүдэлтэй гэдгийг сайтар мэддэг байсан бөгөөд хятадын ардын банк 1990 оноос эхлэн замбараагүй их мөнгийг зах зээлд нийлүүлж байгааг мэдэж байв. Ийнхүү Жу Рунжи шадар сайдын өндөр албан тушаалд хүрээд 1993 онд хятадын төв банкны даргыг огцруулж, өөрийгөө төв банкны даргаар давхар томилсон гэдэг. Тэрээр төв банкны дарга болуутаа шууд мөнгө хэвлэлтийг зогсоож, төв банкийг хараат бусаар ажилладаг болгов. Тэгэхгүй бол янз бүрийн дарга нарын шахалтаар төв банк асар их мөнгө хэвлэдэг байлаа. Ингээд 1994 онд 24 хувьд хүрээд байсан Хятад улсын инфляц ердөө гуравхан жилийн дараа 1997 онд гэхэд 3 хувь хүртлээ буужээ.
Түүний дараагийн том шинэчлэл бол төрийн мэдэлд байсан асар олон ашиггүй үйлдвэр аж ахуйн газруудыг хувьчилж, заримыг нь ерөөсөө шууд дампууруулсан бөгөөд үүний улмаас 40 сая хүн ажилгүй болсон. Гэвч хятадын хувийн хэвшил тэр их ажилгүйчүүдийг хэдхэн жилийн дотор шингээж, асар их хөгжлийн гол түлхүүр болжээ.
Жу Рунжи бол өнөө үед Хятадын эдийн засгийн хаан хэмээн хүндлэгддэг бөгөөд өнөөгийн хүчирхэг эдийн засгийн суурийг тавьсан шинэчлэгч гэдгийг коммунист нам зүй ёсоор зөвшөөрдөг.
“Урд минь тэсрэх бөмбөгтэй талбай байсан ч, эсвэл ёроолгүй гүн ангал байсан ч би эргэж буцахгүйгээр урагшлах болно. Би эцсийн амьсгалаа тасартал энэ улсынхаа төлөө зүтгэх болно.”
ЖУ РУНЖИ 1928-2026 он.










































































