Маргаашаас эхлэн ихэнх нутгаар бороо хур орох төлөвтэй байна. Ирэх сарын нэгэн буюу эх үрсийн баяраар бүрхэг, бороотой байж магадгүйг Цаг уур, орчны шинжилгээний газрын урьдчилсан мэдээнээс харагдаж байна. Тавдугаар сарын 31 буюу маргааш баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо орно.
Харин зургадугаар сарын 1-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 2-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 3-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Салхи 31-1-нд зарим газраар, 2-нд говийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Хугацааны эхээр ихэнх нутгаар өдөртөө халах боловч бусад хугацаанд Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим болон Алтай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна гэж цаг уурчид мэдээллээ.