Монгол орон даяар
Өнөөдрөөс 93 жилийн тэртээ Монголын худалдаа, аж үйлдвэрийн банк байгуулагдаж, Монгол Улсад орчин цагийн банкны салбарын суурь анх тавигдсан 1924 оны 6 дугаар сарын 2-ны тэрхүү өдрөөс өнөөг хүртэлх түүхэн хөгжлийн зам маань олон амжилт, өөрчлөлт, дэвшлээр дүүрэн байв. Бид бахархах, баярлах зүйл олонтой. Алдаа гажуудал ч бас байсан. Цаашид бид бүхэн салбартаа шинэчлэлт өөрчлөлтийг хийн, дэлхийн жишигт нийцэх хөгжлийн түвшинд хүргэх том зорилгын дор нэгдэж, улс орныхоо эдийн засагт тулгарсан сорилтуудыг шийдэмгий даван туулахад хувь нэмрээ оруулахаар эрчимтэй ажиллаж байна.
Улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд эерэг өөрчлөлтүүд гарч эхлээд буй энэ чухал цаг үед бид ололт амжилтаа улам ахиулж, хойч үедээ гэрэлтэй сайхан ирээдүйг өвлүүлэн үлдээхийг зорин дор бүрээ хичээх ёстой. Эдийн засгийн нэгэн чухал тулгуур болсон санхүүгийн тогтолцооны найдвартай байдал, өрсөлдөх чадвар, цаашдын ирээдүй Та бидний хичээл зүтгэл, мэргэжлийн ёс зүй, боловсрол мэдлэг, ур чадвараас шалтгаалах болно. Улс орны ирээдүй, хувь заяанд бид чухал үүрэгтэй.
Монгол Улсын банк, санхүүгийн салбарын нийт хамт олондоо ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсч, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Н.БАЯРТСАЙХАН
2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр