Ням гарагт болж өнгөрсөн бүх нийтийн санал асуулгаар Пуэрто Рико арлынхан АНУ-ын муж улс болох сонголт хийжээ. 1967 оноос хойш тав дахь удаагаа ийм санал асуулга явуулж байгаа бөгөөд сүүлийн санал асуулгаар тэдний 97 орчим хувь нь нэгдсэн улсын 51 дэхь муж болохыг дэмжсэн байна.
Гэвч тэдний саналыг АНУ-ын конгресс эцсийн байдлаар шийдвэрлэх ёстой. Өөрөөр хэлбэл Пуерто Рикочууд АНУ-ын муж болохыг хүссэн ч Конгресс хүлээн зөвшөөрөхгүй бол байдал эсрэгээр эргэж мэдэх юм. Тэгээд ч Пуэрто Рико 70 тэрбум ам.долларын өртэй, 45 хувийн ядууралтай, боловсрол, эрүүл мэнд, тэтгэврийн систем нь уналтын байдалтай байгаа. Мөн өнгөрсөн сард Пуэрто Рико арлын захиргаа дампуурлаа зарласан билээ.
Тэдэнд АНУ-ын далбайн дор нэгдэж, тус улсын 50 мужтай харилцаа холбоогоо сайжруулах хүсэлт бий. Мэдээж муж улсын статустай болвол засгийн газраас төсөв авах, Цагаан ордонд суух ерөнхийлөгчийг сонгох эрхтэй болно. Гэвч тэдний чин хүслийг АНУ-ын Конгресс л шийдвэрлэх үлдэж дээ.