Өнөөдөр дэлхий нийтээр хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх өдөр. Энэ өдрийг манай улс хар тамхитай тэмцэх ач холбогдлыг нэмэгдүүлэх, ард иргэдийг мэдээллээр хангах, хор хөнөөлийг сурталчлах зорилготойгоор тэмдэглэж ирсэн байна.
Монгол Улсад \”Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэг” 1999 онд байгуулагдсан юм байна. Энэ байгууллага иргэдэд хар тамхины талаархи сургалт болон судалгаа, сурталчилгаа явуулдаг ажээ.
Манай улсын хувьд хар тамхи тээвэрлэгч, дамжуулагч бус харин идэвхтэй хэрэглэгч болж байгаа талаар албаныхан хэлдэг. Үүний нэг илрэл нь БНХАУ, ОХУ болон зүүн өмнөд Азийн орноос гэсэн гурван талт урсгалаар бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, нэвтрүүлэхийг завдсан, зарж борлуулсан гэмт хэрэг ихэсч байгаа явдал юм. БНХАУ-аас ихэвчлэн афетамин, метафетамины төрлийн мөс, мансууруулах ургамлын гаралтай шавах, ОХУ-аас сэтгэцэд нөлөөлөх андате зэрэг эм хууль бусаар нийлүүлэх болжээ.
Өнөөдрийн байдлаар хар тамхи, мансууруулах эм бэлдмэлтэй холбоотой гэмт хэрэгт 57 эрэгтэй, 9 эмэгтэй ял шийдтгэл эдэлж байгаа бөгөөд 12 хүн сэжигтнээр саатуулагдан шалгагдаж байгаа аж.
Сүүлийн гурван жилийн байдлаар хар тамхины хэрэгт холбогдсон холбогдогчдыг насны байдлаар нь авч үзэхэд 18 насны буюу насанд хүрээгүй холбогдогчдын тоо хоёр дахин, 19-25 насны холбогдогч 24.2 хувиар, 26-35 насны холбогдогч 38 хувиар, 35-аас дээш насны холбогдогч 3.6 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа гэнэ.