Өнгөрсөн өдрүүдэд Хятадын мэдээллийн сайтуудад тарвасаас хүнд халддаг шинэ төрлийн өвчин бий болж хүний амь насанд заналхийлж байгаа талаар \”Монцамэ” агентлаг мэдээлсэн. Тус мэдээллийн дагуу иргэд БНХАУ-аас оруулж ирсэн тарвасыг худалдан авахаа больж импортлогч аж ахуй нэгжүүд худалдан авагчгүй хохироод байгаа юм. Импортоор оруулж ирсэн тарвасыг худалдан авч хүнсэндээ хэрэглэж болох эсэхийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, Импорт хилийн хорио цээрийн газрын дарга Э.Аззаяагаас тодруулга авлаа.
– Импортоор оруулж ирсэн тарвасанд ямар хяналт шалгалт хийж байна вэ?
– Манай улс импортоор БНХАУ, ОХУ, БНСУ зэрэг улсуудаас тарвас импортолдог. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр тарваснаас болж БНХАУ-д шинэ төрлийн вирус гарсан гэх мэдээлэл олныг хамарч байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас импортоор оруулж ирсэн тарвасны хяналт шалгалтыг чангатган ажиллаж байна. Замын-Үүд боомтоор орж ирж байгаа тарвасанд хийн болон хор судлалын лабораторийн шинжилгээг хийж хяналт шалгалтыг эрчимжүүлж байна. Одоогийн байдлаар зах зээл дээр худалдаалагдаж байгаа тарваснаас манай хяналтын байцаагч нар лабораторийн дээж авч шинжлэхэд пистицидийн үлдэгдэл болох хор судлалын шинжилгээгээр эрүүл ахуйн шаардлага хангаагүй, эрсдэл дагуулсан тарвас илрээгүй байна.
– Иргэдийн зүгээс тарвас худалдаж авахдаа юуг анхаарах вэ?
– Та бүхэн тарвас худалдан авахдаа импортоор оруулж ирж байгаа лабораторийн шинжилгээний баталгаажсан дүн, аюулгүйн үзүүлэлт хангасан тарвас худалдан авахыг зөвлөж байна.
– Эрүүл ахуйн шаардлага хангаагүй тарвасыг хэрхэн ялгах вэ?
– Одоогийн байдлаар халууны улиралд түргэн муудах бараа бүтээгдэхүүнд лабораторийн хяналт шалгалт хийж байна. Тарвасаас хүнд халддаг өвчний тухайд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас асуухад албан ёсоор хүний амь эрсэдсэн гэсэн мэдээлэл ирээгүй байгаа юм. Хамгийн гол нь хадгалалтын горим алдагдсан, шаардлага хангахгүй агуулах зооринд хадгалсан асуудлаас болж тарвасын хордлого үүсэх магадлалтай. Тийм учраас та бүхэн худалдан авахдаа зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн, хадгалалтын горим хангасан тарвас худалдан авахыг зөвлөж байна.