ЦДБЭЧ-ын Сургалт, соёл хүмүүжил марктингийн албаны дарга, хошууч Р.ӨНӨРЖАРГАЛ
-Үндэний их баяр наадам бол Монгол түмний хөх тамгатай, тэнгэр язгууртай болж төрсний их хувь тавилан, их өгөөж бэлгэ нь болж ирснийг гэрчлэх хамгийн гайхамшигтай баяр гэж боддог. Хуульд заагдсан баяруудаас хамгийн бахархалтай, гэр бүл, ахан дүүсийн цогц баяр болдгоороо онцлогтой.
Миний хувьд монгол түмнийхээ уламжлалыг даган наадмын өглөөний өнгө, үүлсийн хэлбэрийг шинжиж харснаар наадмын өглөөг эхлүүлдэг. Яг энэ л өглөө мянга мянган ээжүүд унаач хүүхэд, уяач ханийнхаа араас цацал өргөдөгтэй адил сэтгэлийнхээ цацлыг өргөж наадам маань өнгө төрхтэй, өргөн дэлгэр болоосой гэж залбирдаг юм. Мөн долоодугаар сарын 10-ны өдөр миний ханийн төрсөн өдөр байдаг хэдий ч тэмдэглэж чаддаггүй. Учир нь хоёулаа тангараг өргөсөн цэргийн алба хаагчид учир Төрийн далбааны өдрөөр өөрсдийн үүргийг гүйцэтгэж таардаг. Харин 11-ний өдөр ханьдаа бэлэг барихын зэрэгцээ наадмын нээлтээ үзэж монгол хүн болж төрснөөрөө омогшиж, бахархаж наадамладаг юм. Монгол түмний минь он оны наадам онцлог бөгөөд содон сонин. Тэр дундаа миний сэтгэлд байдаг хамгийн нандин наадам бол зургаадугаар ангид байхдаа дүү нартайгаа хамт сургуулийнхаа наадмыг бүжиглэж нээж байсан тэр жилийн наадам. Хэдий хүүхэд байсан ч аав ээж, дүү нарын хамт маш ач холбогдол өгч бэлтгэн оролцож, нээлтийн үйл ажиллагааны асар богино хугацаанд олон төрлийн гоёлын шинэ дээлүүдийг сольж оролцож байлаа. 1990 оны эд бараа ховор цагт хамгийн олон шинэ хувцсыг гэр бүлээрээ өмсөж байснаараа мартагдашүй наадам болж үлдсэн байх.
Яг л Бавуугийн Лхагвасүрэнгийн
\”Дан эмжээртэй даалимбан дээлнээс
Даавууны шинэхэн үнэр ханхлах нь даанч сайхан
Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам
Чихэр инээд хоёртоо бялуурсан наадам” гэдэг шиг.
Монгол Улсын \”Төрийн далбааны өдөр”-ийн арга хэмжээг таньгүйгээр төсөөлөхөд бэрх. Энэ өдөр таны хувьд…
-Миний бүтэн жилийн турш авдаг хамгийн том хийморийн сан бол Төрийн далбааны өдөр байдаг. Би энэ л өдөр хөх тэнгэрийн дор, Чингис хаан онголж тамгалсан Богд хайрханы ард Монгол Улсын төрийн далбаа цогцоороо мандахыг харж, Төрийн дуулалаа бүтнээрээ дуулдаг цэргийн хүнийхээ хувьд омогшиж, тэр л намиран мандах төрийн далбаандаа гэр бүл төрөл төрөгсөдөө даатган залбирдаг ховорхон баяр бас аз хийморь байдаг гэж боддог.
Эх сурвалж: \”Соёмбо\” сонин, ахмад Д.Оюунгэрэл