МҮОНТ-ийн редактор СГЗ Г.Золжаргалын бие тааруу байгаа талаар ойрын эх сурвалжууд мэдээллээ.Наадмын өдрүүдэд нэвтрүүлгээ бэлдэж суусан тэрбээр хэдхэн хоногийн өмнө тархины цус харвалттай гэсэн оноштойгоор эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа юм. Одоогоор юуны учир цус харвасан нь тодорхойгүй байгаа ч хэсэг хугацаанд биеэ эмчлүүлэх бололтой.
Г.Золжаргал нь МҮОНТ-ийн сэтгүүлчээс эхлээд редактор хүртэлх албыг хариуцлагатайгаар хашиж үзэгч, олонт түмний талархлыг хүлээсэн сэтгүүлч билээ. Тэрбээр 1989 онд ЗХУ-ын Эрхүү хотод сэтгүүлч мэргэжлээр төгсөж түүнээс хойш 30 гаруй жил салбартаа нэр хүндэтэйгаар ажиллаж олон сайхан нэвтрүүлэг туурвисан юм. Тухайлбал 1987 онд МҮОНТ-ийн программ төлөвлөлтийн хэлтсийн даргаар ажиллаж 1989 спорт, эрүүл мэндийн хэлтсийн даргаар тус тус ажиллан 120 гаруй баримтат нэвтрүүлэг бэлдсэн байдаг. Тэрээр Монголын сэтгүүлчдийн холбооноос шилдэг уран бүтээлийн шагнал хүртэж байжээ. Энэ хооронд залуучуудад чиглэсэн 2050 гаруй нэвтрүүлэг бэлдэж үзэгч олондоо хүргэсэн байдаг.