Хотын төвийн зам буюу Энх-тайвны өргөн чөлөөгөөр нийслэл хотын автомашины хөдөлгөөн дамжин өнгөрдөг учир түгжрэл их бий болдог. Ялангуяа хичээл сургууль орсон үеэс эхлээд авто замын түгжрэл ихэсдэг. Түгжрэл саатлыг бууруулах, гарч буй авто ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор хотын төвийн долоон уулзварт зүүн гар тийш эргэх уулзварт хориглох хязгаарлалтыг энэ сарын 15-наас эхлэн хийж эхлэх гэж байна.
Долоон уулзвар багтаж байгаа. Тухайлбал, 11-р сургуулийн уулзвар, Цэцэг төвийн уулзвар, Төв шуудангийн уулзвар, Гадаад хэргийн яамны уулзвар, Багшийн дээдийн уулзвар, Бөхийн өргөө болон Зүүн дөрвөн замын уулзвар гэсэн долоон уулзварыг зүүн гар тийш эргэхийг хязгаарлана гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл төв замаар хэвтээ чиглэлд дамжин өнгөрч байгаа буюу ертөнцийн зүгээр зүүнээс баруун, баруунаас зүүн чиглэлд зорчиж байгаа тээврийн хэрэгслүүд зүүн гар тийш эргэхийг хязгаарлаж байгаа юм. Үүн дээр нэмэгдээд Бөмбөгөр худалдааны төвөөс зүүн гар тийш эргэх хөдөлгөөний хязгаарлана. Хөдөлгөөн хязгаарласантай холбогдуулан бусад замын тэмдэг, тэмдэглэгээг өөрчлөх нэмж байршуулах зэрэг ажлыг Нийслэлийн авто замын хөгжлийн газартай хамтран зохион явуулж байна.