санааных
Энэ орчлонд хүн
болж төрөөд хөлд орохгүй тааз ширтэн хэвтэнэ гэдэг хүсэх зүйл биш. 21 жил
ээжээрээ асруулж, үүрүүлж дүүрүүлэн явж гэрийн хаяа сахиж байсан охин хөлд
ороод зургаан жил болжээ. Муухан явдаг ч гэсэн энэ нь түүний амьдралд
тохиолдсон гайхамшигт мөч, нийгмийг харах өнцгийг нь ч өөрчилжээ. Хэмжээлшгүй
баяртай амьдрах болсон энэ бүсгүйг Т.Шүрэнцэцэг гэдэг. Дэндүү гэгээн хүсэл,
мөрөөдөлтэй түүнийг энэ орчлонд төрөөгүйсэн бол…Магадгүй Монгол минь, сургууль,
ангийнх нь хамт олон, гэрийнхэн, ах дүү хамаатан садан нь Шүрээгээр дутах
байсан биз ээ. Агуу их ачийг нь санан, санан Шүрээ сүүлийн хэдэн жил ээжийнхээ
төрсөн өдрийг найз нөхөд, хамт олных нь хүрээнд бөөн, бөөн гэнэтийн
бэлэгтэйгээр хөгжилдөн тэмдэглэж баярлуулах гэж хичээж байгаа нь хөөрхөн
санагдлаа. Түүний ээж Б.Баярхүүгийн 50 насны ойн баяр дээр бид уулзсан юм.
Зовсон цагт нөхрийн чанар танигддаг гэдэг дээ. Түүнд тусламаар санагдаж www.undesten.mn сайтынхаа
\”Сайхан амьдрах санааных” булангийн зочноор урьж ярилцсан юм. Монголчууд бид
нэг үндэстэн. Унаж, босч, уруудаж, өгсөхдөө хамтдаа байх учиртай. Түүний
бахархам амьдралын түүхээс бусад хүн суралцаж, урам авч болох. Магадгүй нийгмийн
өнгийг түүний ярианаас олж харж алдаагаа хамтдаа засах, аливаад авч гээхийн
ухаанаар хандах, хүнийг хүн ёсоор нь хүлээж авдаг нийгмийн төлөө хамтдаа
дуугарах цаг болжээ. Хэнтэй ч энгийн яриа өрнүүлж төвөггүйхэн өөрийгөө
ойлгуулчихдаг, гэгээлэг дэврүүн хүсэлтэй Шүрээ охинтой ярилцсанаа хүргэе.
-Шүрээ хөлд
ороод зогсохгүй хамт олонтой болж ажил хийгээд л. Магадгүй чи ажил хийж, хамт
олонтой болох юмсан гэж хүсч, мөрөөдөж байсан байх?
-Би нэгэн хувийн эмнэлэгт бариа засалчаар ажиллаж байгаад
саяхнаас гэр зуураа л байна. Би гэртээ хэвтэрт ээжээрээ асруулаад л аж төрдөг
байв. Дүү нь хөл дээрээ босоод зургаан жил болж байна. Энгийн хүмүүс энэ баярыг
ойлгохгүй л дээ. Хүн бусдын хамаарлаас гарна гэдэг ямар сайхан мэдрэмж гээч. Өөртөө итгэх итгэл гэдэг дэндүү
сайхан зүйл юм шиг санагддаг болсон. Амьдрал үнэхээр өөр юм аа. Гэртээ хэвтээд
амьдралыг ажих, гадаа гараад гудмаар явж, энэ тэрийг харж, гар утас барьж
залуус шиг яаж гоё, дэгжин хувцаслах вэ гээд зөндөө л юм сэтгэлд бодогддог болсон.
Ээж
маань олон мөрөөдлийг нь минь биелүүлсэн
-Чиний биеийн
зовиур их үү. Сүүлд хөлд орсон гэхэд таяг тулахгүй дажгүй явж байна шүү. Муу
ижий нь ийм хөөрхөн охины төлөө өөрийгөө \”галлаж, өрдөж, зүтгүүрдэж” явдаг байх
даа?
-Ээж минь энэ орчлонгийн хамгийн агуу хүн. Би нэг кг
гарантай ээжээсээ дутуу төрсөн. Эх баригч хүчтэй татаж авснаас болоод толгойдоо
гэмтэлтэй, нуруу, нугас гэмтэж шөрмөсний суналт зэргээс болоод хэвтрийн хүн
болсон гэсэн. Ийм л \”амьтнаар” ээж маань хүн хийчихлээ. Би ээждээ болон найз
нөхөд, хамт олонд нь дэндүү их баярлаж явдаг. Өдөр бүр инээж, таарсан бүхэнтэй инээмсэглэн
мэндэлж явах нь миний үүрэг юм гэж боддог. Хүн дэмэндээ, дээс эрчиндээ гэдэг үг
бол миний амьдралын чиг шугам болдог. Ээж маань намайг хүн болгоод зогсохгүй
бүх л хүсэл, мөрөөдлийг нь минь биелүүлсэн. Ийм агуу, хамгийн сайхан
эмэгтэйгээр би бахархахгүй юм бол хэн бахархаж, бахдах билээ. Хоёр дүү,
ээжтэйгээ сэтгэл тэнүүн сайхан л амьдарч байна. Хүн сайхан амьдрахийг хүсч
байна гээд бусдыг буруутган, төр засгаас элдвийг нэхээд зүгээр сууж таарахгүй.
Зарим энгийн хүмүүс хүний өмнөөс амьдарч байгаа юм шиг ажил олдохгүй байна,
сурмаар байна төлбөр алга гэхээр би хувьдаа их гайхдаг юм. Жирийн хүмүүс эрүүл
саруул, бүрэн бүтэн байж надаас дор байж болохгүй байх аа. Тахир дутуу ч гэсэн
би ажил хийгээд сайхан байна.
-Ажил хийж
байсан гэхээр боловсролтой болсон юм байна. Яаж сургуульдаа явдаг байв?
-Ээж минь энэ амьдралыг авч явдаг бидний бурхан юм. Ээж
маань л үүрээд намайг сургуульд хүргэдэг байсан. Би 105 дугаар сургуулийг
төгссөн. Сургуулийн захирал, ангийн багш, ангийн хамт олон, найзууд маань
намайг сурахад ихээхэн туслаж, ямагт дэмжинэ. Ангийн багш Эрдэнэтуяадаа их
баярладаг юм. 1-5 дугаар ангийг хариуцаж байлаа. Би бичихдээ тааруу. Нуруу
хазгай муруй, дээр нь гар маань үзэг барихад эвлэж өгөхгүй гээд бэрхшээл, саад их
байсан. Бал бариад юм бичих тийм ч амар биш. Харин бариа засал хийх нь миний
хувьд маш хялбар байдаг. Гэлээ ч би өөрийнхөө хэмжээнд хөөрхөн биччихнэ. Тэр
үед би хөлд ороогүй байсан учраас ээж үүрнэ, тэргэнцэр дээр түрж явах зэргээр
хичээлдээ явдаг байлаа. Хааяа бие өвдөөд, цаг агаар тааруу үед гэртээ өнждөг. Ийм
үед ангийнхан маань хичээл нөхөөд өгчихнө. Гадаа цас орж, хальтиргаа гулгаа
ихтэй үед над шиг хүн байтугай энгийн хүн явахад хэцүү ш дээ, манай хотод. Мөрөөдлөө биелүүлсэн,
жаргалтай мөчүүдээ эргээд бодсон сайхан байна шүү. Дараагийн мөрөөдөл
маань бас биелэсэн. 2016 онд \”Цэцээ гүн”
дээд сургуулийг хүний нөөцийн менежер мэргэжлээр төгссөн. Бидэн шиг хүмүүс
тэр бүр дээд сургуульд сурах боломж, нөхцөл байхгүй. Тиймээс захирал болон,
сургуулийн хамт олон, ангийн найзууддаа баярлалаа. Магадгүй миний ээж олон
сайхан найз, танилтай болохоороо би мөрөөдлөө жиелүүлж сайхан амьдарч байгаа
байх.
-Оюутан болж
ихийг сурах мөрөөдөл чамд байсан уу. Ер нь яаж мөрөөдлөө биелүүлж байв.
Шүрээгийн дотор агуу том нууц төлөвлөгөө байгаа юм шиг санагдаад?
-Мэдээж би залуу хүн учраас үеийнхээ хүүхдүүдийн адилаар
оюутан болоод ядаж үнэмлэхийг нь бариад үзчих юмсан гэж битүүхэндээ боддог
байлаа. Ээж маань энэ мөрөөдлийг маань биелүүлсэн дээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүний
төлбөрийг төрөөс 100 хувь даадаг учраас ээж бид хоёр сурахад арай хялбар
болсон. Манай ээжийг Б.Баярхүү гэдэг. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын
яаманд Архивын эрхлэгчээр ажилладаг. Бичээчээс ажлаа эхлээд 30 гаруй жил нэг
хамт олонтойгоо бужигнаж, авч болох төрийн дээд шагнал, байгууллагын урамшууллыг
цөмийг нь л авсан даа. Сайхан хамт олноор нь би үргэлж бахархдаг юм. Ээж маань
Боловсролын яаманд ажилладаг болохоор би боловсролтой болсон ч байж магадгүй.
Тэрнээс биш бид нар шиг ийм хүмүүсийг авч сургаад байдаг сургууль ч гэж юу
байхав. Дунд болон дээд сургуулийн маань захирлууд намайг тоож босгоороо
алхуулсан нь надад томоохон хөрөнгө оруулалт гэж ихэд өөрийгөө тоодог ш дээ.
-Чиний ажилд
орсон түүх сонин байх аа. Хүний нөөцийн мэргэжилтэн хэрнээ бариа засалч болсон
гэхээр асуумаар санагдлаа?
-\”Хулж боржигон”
эмнэлэгт би анх хэвтэн эмчлүүлж байлаа. М.Амбага багшийн эмнэлэг л дээ. Би
бариа заслын курс төгссөн. Ажилд олдохгүй байна гэж М.Амбага захиралд учирлатал
намайг тоож ажилдаа авсан. Тэнд ажилд ороод дөрвөн жил хамт олонтой болж сайхан
ажилласан. Анхны цалингаа аваад ээждээ бэлэг авсан. Кинонд гардаг шиг анх удаа
гоё даашинз өмсөөд хамт олонтойгоо шинэ жил тэмдэглээд үнэхээр сайхан
дурсамжтай мөчүүд маань \”Хулж боржигон”
эмнэлэгт өнгөрсөн. Намайг ажилгүй болоход хамт олон маань ямар ч буруугүй.
Над шиг ийм хөлтэй, тааруу биетэй хүн өдөржин юу ч хэлэн дээрээ
тавихгүй, бие засахгүй ажиллах мэдээж аймаар. Энгийн хүн бол гүйж гараад хүссэн
газраа бие засч, дуртай хоолоо захиалан идэж чадна. Би чинь хөгжлийн
бэрхшээлтэй, энгийн хүмүүстэй өрсөлдөх боломжгүй шүү дээ. Би тэднээс шал өөр, бусдад муухай
харагддагаа эрт л мэдэх байсан юм. Бие засах газраа цоожлоод оруулахгүй байх
үнэхээр муухай, гомдмоор. Хэнтэй ч ярьж хөөрөхгүй, хөшөө дурсгал шиг хана
ширтээд ажиллана гэдэг там шиг санагдсан. Уул нь би чинь харийн нутагт бус эх
орондоо ажиллаж байгаа хүн. Бид нэг үндэстэн биз дээ. Тэд миний талаар битгий муугаар дурсаж
яваасай гэж хичнээн ажиллаж байсан. Одоо харин сэтгэл амарсан. Дургүйд хүчгүй гэдэг
байх аа.
-Яасан муухай юм
вэ. Эрүүл мэндийн салбарынх байж хөл дээрээ боссон хүнийг дэмждэггүй. Бүрэн,
бүтэн хүнтэй тэд ажлын байр булаалдан өрсөлдөж байгаа биш дээ?
-Хаанаас даа. Ингэж төрсөн нь миний л буруу. Харин ч
намайг 4 жил ажиллуулсан Амбага захиралдаа, дандаа туслаж ирсэн сайхан хуучин хамт
олондоо би хэзээ ч гомдохгүй. Тэд чинь миний мөрөөдлийг биелүүлсэн хүмүүсийн нэг
хэсэг шүү дээ.
-Хөгжлийн
бэрхшээлтэй иргэний Нийгмийн даатгалыг төрөөс хариуцах ч юм уу, эсвэл группэд
оруулдаг байх аа?
-Тэгдэггүй юм байна лээ. Гурван жил ажиллачихсан бол
хуулиар хувь тэнцүүлсэн гээд группийн
мөнгө нь жаахан нэмэгддэг. Над шиг гэртээ суугаа хүн 140,000 төгрөгийн групп авдаг.
Ажил хийж байвал жаахан нэмэгдэнэ. Хөлд орсон маань миний амьдралыг орвонгоор
нь өөрчилсөн болохоор би жирийн хүмүүст гомдож, тунихаас илүү энэ үйл явдлыг
дахин сайхан шинэ хамт олонтой болох бас нэг боломж гэж харж байгаа.
Юу болоод
өнгөрөв гэмээр хүнд амьдралыг туулсан байх ээж минь
-Яаж анх хөлд оров.
Их хичээл, зүтгэлээр ингэж алхдаг болсон байх гэж бодогдлоо?
-Зургаан жилийн өмнө би хөгжлийн бэрхшээлтэй, хэвтрийн л
хүн байлаа. Ээж маань намайг тэврээд яваагүй эмнэлэг, үзүүлээгүй эмч гэж байхгүй.
Бага байхад аав маань бурхан болж ээж гэр бүлээ авч явахаас өөр аргагүй болсон.
Би ижийдээ тус болж чадахгүйдээ бухимддаг байлаа. Гэхдээ чадлынхаа хэрээр хоёр
дүүгээ харчихна. Тэр хоёрыгоо би бас хүн болгосон гэхээс илүү миний хоёр дүү
надад их тусладаг байлаа. Нэг гэр бүл гэж ийм л байх болов уу. Жирийн хүн шиг
дүүгээ тэвэрч явж чадахгүй болохоор өөрийнхөө хэмжээнд л аргална. Дүү нараа нам газар тавьж бүүвэйн дуу
дуулаад л унтуулна. Бантан хийж өгнө. Сандарсан үедээ талх зуураад өгчихнө. Дүү
маань жаахан ч гэлээ энгийн, эрүүл саруул хүн учраас надад нэхсэн юмыг маань
авчраад өгөх жишээтэй. Дүү нар маань аядуу, миний үгнээс нэг их гараад байхгүй.
Бид гурав хүн болсон доо. Одоо ээжийн маань санаа жаахан ч гэсэн амсхийж байгаа
байх. Юу болоод өнгөрөв гэмээр л хэцүү он жилүүд, хүнд амьдралыг тууллаа шүү
дээ.
Хэвтэрийнх гээд би зүгээр л
хэвтсэнгүй. Шүрээр юм хийнэ, шүлэг бичинэ. Шүлгийн түүврээ хэвлүүлээд надад
тусладаг хүмүүс, гэрийхэндээ баяраар бэлэглэчихнэ. Ээжийн маань шаардлага
намайг хөл дээрээ босоход тусласан байх. Манай гэр Баянхошуунд амьдардаг байлаа.
Би хөлсөө гоожуулаад дасгал их хийнэ. Хөлөө өргөх, булчин шөрмөсөө сунгах,
тахир нуруугаа тэгшлэх зэргээр уйгагүй дасгал хийж ирсэн. Би гэртээ бөгсөөрөө
мөлхөж явдаг байлаа. Алийн болгон ингэж явах вэ дээ. Нас биед хүрсэн эмэгтэй хүн өөрийн бие
засмаар байна. Алийн болгон ээж, хоёр дүүгээ зовоож хүний хараанд хэдий хүртэл
байх юм бэ. Ядаж л сарын тэмдэг ирэхээр хоёр дүүгээрээ туслуулмааргүй байна ш
дээ. Хоёр дүү маань оюутан, тэр бүр миний дэргэд өнжөөд байхгүй. Том дүү маань
Анагаахын их сургуулийг ирэх жил төгсөнө. Манайх эмчтэй болж байгаа. Бага дүү
маань энэ жил \”Этүгэн” Анагаах ухааны их сургуулийн оюутан болсон. Дээд
боловсрол эзэмшиж байгаа дүү нартаа дараа болохгүй юмсан гэж хичээдэг юм.
Сургалтын төрийн сан, одоо Оюутны зээлийн сан болсон байхаа. Энэ бүхний ачаар
ээж маань амьдралаа сайхан авч явж байна. Өглөө бүр сэрээд бидэнд тусласан
хүмүүст би талархдаг. Бас дэндүү сайхан хамт олонтой, тэднийхээ сэтгэлийн
дэмээр их тайван, ямар ч уур уцаар, хэрүүл хийлгүй, стрессгүй амьдардаг ээждээ
талархдаг. Тэрнээс биш 3 жаахан амьтныг /нэг нь жирийн биш , хэцүүхэн хүн/
чирээд ажил хийх бас амар бишийг би өөрөө ажил хийж байхдаа ойлгосон. Ээж ганцаараа
амьдралаа авч явдаг болохоор би гадагшаа эмчилгээнд явах ямар ч боломжгүй.
Үзүүлэхээр гадагшаа эмчилгээнд яв л гэдэг.
суухдаа муу байлаа. Гэртээ зүгээр хэвтэж байхаар дасгал хийсээр л байгаад л
хазганаад ч хамаагүй өөрөө яваад бие засчих юмсан гэж мөрөөддөг байлаа. Нэг л
өдөр мөрөөдлөө биелүүлсэн шүү. Ийм хүнд амьдралыг туулсан болохоор ээжийгээ яаж
ийгээд баярлуулах юмсан гэж бодож хэвтдэг байлаа. Тиймээс манайхан шинэ жил,
цагаан, сар, төрсөн өдөр гээд бүхий л баярыг их өвөрмөц, өөрсдөдөө
хөгжилтэйгөөр тэмдэглэдэг. Шинэ жилээр сугалаа явуулж хүн бүрт бэлэг өгнө. Би
сугалаанд азгүй /инээв/. Харин энэ амьдралд өөрийгөө дэндүү азтай гэж боддог
шүү. Ээж маань миний амьдралын хамгийн үнэтэй зүйл. Миний амьдралын бахархал
юм. Манай хоёр дүүгийн түших тулгуур нь, наддаа амьдралын маань нар юм даа.
Наргүй өдөр хүний сэтгэл ямар байдаг билээ. Тиймээс би ээжийнхээ бүх л үеэр,
хийсэн бүх ажлаар нь бахархдаг. Бас ээж маань дэндүү царайлаг. Тайван, дөлгөөн хүн
болохоор үргэлж хөөрхөнөөрөө харагддаг байхаа. Энэ амьдралд сэтгэлд таарахгүй,
хүнд үе мэдээж гарна. Баяртай, жаргалтай мөч ирнэ. Тэсвэрлэхийн аргагүй
гадуурхалыг амсана. Тэр үедээ өөртөө л шүлэгч юм даа. Хэдэн мөр гаргаж гомдлоо,
баяр, гунигаа шингээдэг юм. Ээж маань миний найз. \”Надад ямар ч найз алга.
Энгийн хүмүүс найзгүй ганцаардаад байна гэдэг”. Гэтэл надад тэгж ер бодогдож
байсангүй. Ээж маань миний бүх зүйлийг ойлгож дэмждэг учраас найзаар дутах
орчлон биш юм байна. Цалин буух бүртээ ээждээ бэлэг авч өгч баярлуулахыг
хичээдэг. Ээж \”Яах юм бэ” гэдэг. Цалин буухыг хүлээгээд хамт олонтойгоо зовлон,
жаргалаа яриад бужигнах бас дэндүү сайхан мөч. 147 дугаар цэцэрлэгт би аяга
угаагч хийж байлаа. Анхны хамт олон маань юм. Угаалгын шингэнээс болоод гар
маань ширүүн болчих вий гэж санаа зовдог байлаа. Яагаад гэвэл бариа засалч
хүний мэдрэмж гартаа байх ёстой. Торго шиг уян арьстай байх ёстой болохоор
ажлаа хийж чадахаа байчих вий гэж эмээж байсан. Зун цэцэрлэг амраад удалгүй ажилгүй
болсон. Дахиад хэзээ хамт олонтой болох бол гэж мөрөөдөөд л байж байя.
Гэгээн хүсэл, мөрөөдлийг нь хэн ч бүү нугачин дараасай
…Ийм л их эрч хүчтэй, амьдралд
дэндүү хайртай, өөдрөг гэгээн бүхнээр өөрийгөө цэнэглэсэн хөөрхөн охинтой
ярилцахад сайхан байлаа. Тиймээ, Шүрээ сайхан бүхнийг мөрөөд. Түүнд ямар газар
ажиллаж, хэдэн төгрөгийн цалин авч, ямар хувцас өмсөж, юу хэрэглэх нь чухал
биш. Жирийн хүмүүс шиг алхаж, явдаг болсон нь түүний амьдралыг улам ч эрчтэй
болгож, олон \”гайхамшиг”-гийг нээж өгсөн биз ээ. Зүгээр л хүний орчлонд бусадтай
адилхан нийгэмшиж амьдрах түүний эгэлхэн хүсэл, мөрөөдлийг хэн бэ гуай ч
нугачин дарж боломгүй санагдана. Тэр хөгжлийн бэрхшээлтэй. Хөл муутай харагддаг ч гэсэн сэтгэлээрээ,
итгэлээрээ энгийн зарим хүнээс илүү хүчтэй. Ажилтай, хамт олонтой маргаашийн
төлөө тэр хоёр нарны хооронд юу эсийг бодож, хийх билээ. Тэнхлүүн нэгнийг
хараад аль байдгаа барьж гүйдэг улс тэмүүлэлтэй, тэвдэж яваа түүнд туслаасай.
Залуу хүнд олон сайхан мөрөөдөл байгаа. Шүрээ дахин цоо шинээр амьдарч
чадна.
Т.Шүрэнцэцэгийн шүлэгнүүдээс…
Ярилцсан Д.Мягмар