Төв аймгийн Заамар суманд гурван настай хүүхэд 30 метрийн гүн ухсан цооногт унажээ.
Хүүхдийг аврахаар Үндэсний аврах бригад, Төв аймгийн Онцгой байдлын алба бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байгаа аж. Хүүхэд унасан гэх дуудлага өчигдөр буюу 27-ны 14.00 цагт Онцгой байдлын газарт иржээ.
Унасан нүхний амсрын диаметр нь том хүн орох боломжгүй жижиг учраас, аврах ажиллагааг түргэсгэх үүднээс цооногийн хажуугаас ухаж байгаа хэмээн албан эх сурвалжийн мэдээлэл байна.
Хурандаа А.Дашням “Хүүхэд амьсгалж байгаа чимээ сонсогдсоор байна. Бид нүхнээс 4 метр зайтай нүх ухаж, 20 метрт дөхсөн ба дахиад 10 метр ухаад хүүхдэд хүрнэ. Охиныг цамцнаас нь бэхэлж дахин доошоо унахаас сэргийлээд байна. Ямар ч хөдөлгөөнгүй 20 гаруй цаг нүхэнд байна гэдэг маш хүнд нөхцөл. Охин одоогоор ямар нэг хариу үйлдэл үзүүлээгүй. Түүнийг яаралтай гаргаж авахаар 100 гаруй хүн тасралтгүй ажиллаж байна” гэлээ.





































































