Ховд аймгийн хэмжээнд ирэх 11 сарын 1-нээс \”Малчиддаа тусалъя” сайн санааны аяныг зохион байгуулахаар болжээ. Энэхүү аян нь 11 сарын 1-ээс 2018 оны 2 сарын 1-ны өдрийг хүртэл үргэлжлэх гэнэ.Учир нь тус аймгийн нийт нутаг дэвсгэрийн ихэнх сумдаар өвөлжилт хүндэрч болзошгүй нөхцөл байдал үүссэн тул мал аж ахуйн салбарт үүсч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх, байгаль, цаг уурын онцгой хүндрэлийг хохирол багатай даван туулах, өвөлжилт хаваржилт хүндэрч болзошгүй сумдын өрх, иргэдэд туслах зорилгоор энэхүү аяныг зохион байгуулж байгаа аж.
Уг аянд Ховд аймагт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус, олон улсын байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, мэргэжлийн холбоод олон нийтийн байгууллагууд хамрагдаж сэтгэлийн хандив тусламж үзүүлэх гэнэ. Малчдад сэтгэл санааны болон эд материалын дэмжлэг үзүүлж, цаг уурын хүндрэлийг даван туулахад нутгийн ард иргэд, төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг идэвх санаачилгатай оролцохыг уриалжээ.