Сүүлийн хоёр жилийн хугацаанд Оросын
хэрэглэгчдээс оруулсан фейсбүүк постууд АНУ-ын 126 сая хүнд хүрсэн тухай тус
олон нийтийн сүлжээний компаниас мэдэгдлээ. Тэдний мэдэгдэж буйгаар 2016 оны
ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө ба хойно оруулсан 80 мянга гаруй постыг судлан авч
үзсэн байна. Тэдгээр постуудын ихэнх нь нийгмийн болоод улс төрийн холбогдолтой
утга агуулсан байжээ.Twitter
болон Google компаниудтай
хамтран хийсэн Фейсбүүкийн уг судалгаагаар Оросын нөлөө бүхий сайтуудыг ил тод
болгох аж. Доналд Трамп болон Хиллари Клинтон нарын өрсөлдсөн АНУ-ын
ерөнхийлөгчийн сонгуульд нөлөө үзүүлэх гэж оролдсон хэмээн Орос улсыг
буруутгаад байгаа ч тэдний зүгээс дахин татгалзсан хариуг өгсөн байна.
Ройтерс агентлаг болон Вашингтон
пост сониноор дамжуулан олон нийтэд цацсан тус мэдэгдэлд дурдсанаар 2015-2017
оны хооронд Орос улсаас 80 мянга гаруй пост оруулсныг олж тогтоосон гэжээ. Мөн
тэдгээрийг Кремльтэй холбоотой Оросын компани хийсэн аж.
\”Энэ бүх үйлдэл нь Фейсбүүкийн
зарчимтай зөрчилдөж байна. Тиймээс цаашид энэ төрлийн аливаа аюул заналын эсрэг
чадах бүхнээ хийх болно” хэмээн тус компанийн ерөнхий зөвлөх Колин Стреч
мэдэгдсэн юм.Өнгөрөгч Даваа гаригт Google компани Оросын 18
сувгаас YouTube-д мянга
гаруй дүрс бичлэг хуулж тавьсан тоо баримтыг дэлгэжээ. Түүнчлэн 2,752 твиттер
хаягийг Орост байдаг Интернэтийн судалгааны агентлагаас нээсэн болохыг тус
компаниас илрүүлсэн байна.
Б.Болормаа