Манхэттаны тойрог замд автомашины жолооч иргэд рүү халдсанаас болоод найман хүн амиа алдан, 11 хүн хүндээр шархадсан байна. Цагдаагийнхан тэрхүү цагаан өнгийн ачааны тэрэгнээс 29 настай эрэгтэйг баривчилжээ. Албан ёсны эх сурвалжийн мэдэгдэж буйгаар энэ нь террорист халдлага байсан аж.
Сайфулло Сайпов гэх уг сэжигтэн нь 2010 онд АНУ-д цагаачлан ирсэн юм байна. Ачааны машинаас олдсон түүний бичиг, баримтаас үзэхэд Исламын улс бүлэглэлтэй холбоотойг гэрчилсэн мэдээлэл олджээ. Сэжигтэн нь Флоридад суурьшин амьдардаг бөгөөд хэргийн үеэр шархадсан учир эмнэлэгт хүргэгдсэн байна.
\”Гэм зэмгүй олон иргэдийн амь насанд халдаж, шархдуулсан нь маш ёс бус, харгис үйлдэл юм” хэмээн Нью-Йорк хотын дарга Билл де Бласио мэдэгдсэн юм.
Энэ талаар тус улсын ерөнхийлөгч Доналд Трамп өөрийн твиттер хуудсанд, \”Нью-Йорк хотод болсон энэхүү халдлагыг сэтгэцийг өвчтэй хүн үйлдсэн мэт харагдуулах гэж байна. хууль хүчний байгууллагынхан хэргийг нарийвчлан шалгаж байгаа. Ойрх Дорнодод Исламын улс бүлэглэлийг ялсны нэгэн адилаар тэд манай оронд хөл тавихыг хүлээн зөвшөөрөх ёсгүй. Нью-Йоркийн халдлагад өртсөн хохирогчид, тэдний гэр бүлийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье. Бурхан болоод улс эх орон чинь та нартай хамт байгаа шүү” хэмээн бичжээ. Түүнчлэн Трамп Америкийн хяналт шалгалтын журмыг чангатгахын тушааснаа мэдэгдсэн юм.
Б.Болормаа