Зэрлэг амьтдын нүүдэллэдэг зүйлийг хамгаалах тухай буюу Боннын конвенцын талуудын XII бага хурал өнгөрсөн сарын 23-28-нд Филиппиний Манила хотод боллоо. Гурван жил тутам болдог тус хурлын үеэр Монгол Улс нэн ховор зарим амьтныг конвенцод бүртгүүлэх санал гаргаж, оролцогч талуудаар хүлээн зөвшөөрүүлж чадсан байна. Уг конвенцод бүртгүүлснээр тэдгээр амьтныг устахаас сэргийлэх ажлыг эрчимжүүлж, олон улсын байгууллагуудтай энэ чиглэлээр хамтран ажиллах боломж бүрдэж буй аж.
Манай улсаас мазаалай, тахь, хээрийн бүргэд гэсэн гурван амьтныг Боннын конвенцын нэгдүгээр хавсралтад оруулах санал гаргасныг олон улсын төвшинд дэмжсэн байна. Олон улс дэмжинэ гэдэг нь уг амьтан устах аюулд өртсөнийг зөвхөн манайх бус дэлхийн бусад орон хүлээн зөвшөөрч, хамгаалах чиглэлээр анхаарч ажиллана гэсэн үг юм байна.
Монгол Улс Боннын конвенцод 1999 онд нэгдсэн. Конвенцод нэгдэн орсон улс орнууд хууль тогтоомжийнхоо хүрээнд тухайн амьтдыг хамгаалах арга хэмжээ авч хэрэгжүүлэх үүрэгтэй.