Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газраас Улаанбаатар хотын агаарыг бохирдуулагч эх үүсвэрүүдэд хяналт шалгалт явуулж байна. Хяналт шалгалтын явцад нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний тээвэрлэгч аж ахуйн нэгжүүд нь 2005 онд үйлдвэрлэгдсэн том оврын автобусуудыг үйлчилгээнд ашиглаж, автотээврийн хэрэгслийн хэрэглээний стандартын үзүүлэлт, шаардлагыг хангахгүй байгаа зөрчил илэрлээ.
Нийслэлийн Тээврийн газрын “Бүртгэлийн сан”-д бүртгэлтэй, нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний 15 аж ахуйн нэгжийн 173 их багтаамжийн автобус нь “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ, Ангилал ба үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага” MNS5012:2011 улсын стандартын 7.4 /Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд үйлдвэрлэснээс хойш 12-оос дээш жил ашигласан тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглоно./-т заасан шаардлагыг хангаагүй байна. Тус автобусууд үйлдвэрлэгдсэнээс хойш 13 жил ашиглагдсан тул нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ашиглахыг зогсоох тухай улсын ахлах байцаагчийн акт гаргалаа.
Улсын ахлах байцаагчийн актыг хэрэгжүүлж, автобусуудыг “Бүртгэлийн сан”-гаас хасч, нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ашиглахыг зогсоох талаар Нийслэлийн Тээврийн газарт, замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх талаар Замын Цагдаагийн албанд албан бичиг тус тус хүргүүлсэн бөгөөд холбогдох арга хэмжээг авч ажилласан талаар дээрх байгууллагуудаас хариу ирүүлж, хамтран ажиллаж байна.