Зээлийн нөхцөлийг сайжруулж, бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлэх шаардлага тавьж Энэтхэгийн олон мянган фермер Нашик дүүргээс 167 км замыг туулж, Мумбай хот хүртэл жагссан байна. Хүүхэд, эмэгтэйчүүд, өндөр настнуудаас бүрдсэн жагсагчид засгийн газрын өнгөрсөн онд амласан ёсоороо зээлээс чөлөөлөх амлалтаа биелүүлээгүй хэмээн буруутгаж байгаа аж.
Махараштра мужийн захиргаа эсэргүүцлийн хөдөлгөөнийг зогсоохын тулд яриа хэлэлцээр хийхдээ бэлэн хэмээн мэдэгджээ. Тус муж хурдацтай хөгжиж байгаа ч фермерүүд орхигдож байгаа тухай тэд гомдоллосон байна.
Фермерүүд Нашикаас гарч зургаа хоногийн турш алхсаар эсэргүүцэгчид байнга ирдэг Азад Майданд ирж, улмаар Мумбай хотод Даваа гаригийн өглөө иржээ. Энэхүү жагсаал нь Энэтхэгийн Коммунист намд харьяалагддаг үндэсний фермерүүдийн байгууллагын удирдлаган дор явагдаж байгаа аж. Тэд зээлээс чөлөөлөгдөхөөс гадна үр тарианы үнийг дор хаяж 1.5 дахин нэмэгдүүлэхийг шаарджээ.
Энэтхэгт засгийн газраас үр тарианы үнийг тогтоодог бөгөөд фермерүүдээс үр тариаг авч үйлдвэрлэлийг дэмжиж, орлогыг нь баталгаажуулж өгөхийг хүссэн байна. Түүнчлэн ойд газар тариалан эрхэлдэг овгийн фермерүүдэд газар өмчлөх эрх олгохыг хүсчээ. Засгийн газар тэдэнтэй уулзаж, шаардлагыг нь хүлээж авах хүртэл Мумбайд байрлахаар төлөвлөсөн аж.
Б.Болормаа