Архангай аймгийн Эрдэнэмандал суманд өчигдөр газар хөдөлсөн талаар бид мэдээлсэн. Тодруулбал, тус сумын Тээл багийн “Өлөнт” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 5 км-т/, гуравдугаар сарын 15-ны өдрийн 02:14 цагт 4,5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон юм. Энэ талаар тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас 15-ны өдрийн 03:19, 13:35 цагуудад тодруулахад “Иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн, одоогоор учирсан хохирол байхгүй” тухай мэдээлж байсан.
Харин 15-ны өдрийн 14:50 цагт тус сумын Ерөнхий боловсролын 10 жилийн сургуулийн гурван давхар барилгын хана цуурсан, нэгдүгээр давхрын 1 цонхны шил хагарсан тухай мэдээллийг сургуулийн захирал Д.Болор-Эрдэнэ аймгийн Онцгой байдлын газарт мэдээлжээ.