НҮБ-ын гаргасан тайлангаар дэлхийн хамгийн аз жаргалтай орноор Финлянд улс тодорсон байна. Ингэснээр өнгөрсөн жил уг жагсаалтыг тэргүүлсэн Норвеги улс эрэмбэ доошилжээ. Дэлхийн аз жаргалын тайланд хүмүүс хэрхэн яагаад аз жаргалыг мэдэрч байгааг судлагдахуун болгож авч үзсэн байна.
Аз жаргалтай орнуудын жагсаалтын эхний байруудад Нордикийн орнууд орсон бол дайнд нэрвэгдсэн болон Сахарын Африкийн улсууд сүүл мушгижээ. Төв Африкийн Бүгд найрамдах улсуудаас аз жаргалын индекс хамгийн бага орноор Бурунди нэрлэгдсэн байна. 2015 онд тус улсын ерөнхийлөгч Пиерь Нкурунзиза гурав дахь удаагаа дахин сонгогдох үед сөрөг хүчнийхэн эсэргүүцэж, хямралд хүргэсэн юм.
Түүнчлэн НҮБ-ын Тогтвортой хөгжлийн шийдэл сүлжээнээс аз жаргалтай цагаачдыг тэдний амьдарч буй улсаар нь дүгнэж үзэхэд мөн л Финлянд тодорч, хамгийн жаргалтай цагаачдын өлгий нутаг болжээ.
Аз жаргалын түвшинг тодорхойлохын тулд 156 орныг харьцуулан жагсааснаас 117 нь цагаачдынхаа аз жаргалын үзүүлэлтээр тодорхойлогдсон байна. Жагсаалтыг тэргүүлсэн Финляндын дараа Норвеги, Дани, Исланд, Швейцар улс удаалсан аж. Того улс 17 байраар шат ахиж, аз жаргалын индексээ хамгийн их сайжруулсан улс болж, харин Венесуэль 20 байраар ухарч, 102 дугаар байрт очжээ.
Судалгаагаар хамгийн аз жаргалтай 10 орон нь шинэ гэртээ тав тухтай сэтгэл хангалуун амьдарч буй цагаачдын аз жаргалаар хэмжигдэж, өндөр оноо авахад ихээхэн нөлөөлсөн байна. 5.5 сая хүн амтай Финлянд улсад 2016 оны байдлаар 300,000 орчим гадаад хүн амьдарч байжээ.
Дэлхийн хамгийн аз жаргалтай 10 орны тоонд:
- Финлянд,
- Норвеги,
- Дани
- Исланд,
- Швейцар,
- Нидерланд,
- Канад,
- Шинэ Зеланд,
- Швед,
- Австрали
Харин сүүлийн 10 байранд:
- Малави,
- Гайти,
- Либер,
- Сири,
- Руанда,
- Йемень
- Танзани,
- Өмнөд Судан,
- Төв Африкийн Бүгд Найрамдах улс
- Бурунди улс тус тус тодорсон байна.
Орчуулсан Б.Болормаа