Самбар дээр компьютерийн хичээл зааж, сурагчиддаа мэдлэг олгохоор хичээж байсан Гана улсын багш Ричард Акотогийн зураг цахим орчинд тарж, олны анхаарлыг татсан билээ.
Түүний зураг цахим орчинд тархсанаас хойш олон хүмүүс түүнд туслахыг хичээж сэтгэгдлээ үлдээж байсан бөгөөд үүний дараа Microsoft компани түүнд туслахаа илэрхийлж байсан юм. Тэрээр тухайн үед тус компанид талархаж байгаагаа илэрхийлээд ганц компьютерээр олон хүүхдэд хичээл заахад маш хүндрэлтэй, чанартай хичээл заахад олон компьютер хэрэгтэй гэж хэлсэн байна. Тэгвэл тэрээр саяхнаас мэдээлэл зүйн хичээлээ жинхэнэ компьютер дээр заах боломжтой болсон байна. Гана улсын Аккра хотын компьютерийн сургалт явуулдаг NIIT компани уг багшид туслахаа илэрхийлж, тус сургуульд нэгэн зэрэг 5 компьютер бэлэглэн, Ричард Акото багшид өөрт нь ноутбук бэлэглэжээ. Мөн түүнчлэн “Майкрософт” компанийн зүгээс түүнийг Сингапур улсад жил бүр зохион байгуулдаг “Майкрософт”-ын сургалтанд үнэ төлбөргүй суулгахаар болсон бөгөөд үүний зэрэгцээ Их Британийн Лийдсийн их сургуульд докторын зэрэг хамгаалж буй Саудын Арабын оюутан Амира Алхарты Акото багшийн сургуульд зөөврийн компьютер хандивласан байна.
Уг оюутан энэ талаар хэлэхдээ “Акото багш сурагчдадаа ямар их сэтгэл гаргаж байгааг хараад бидний сэтгэл маш ихээр хөдөлсөн. Бид аль чадахаараа л туслахыг хүссэн” гэжээ.
Харин Акото багш энэ талаар “Мэдлэг боловсрол нь хувь хүний хөгжил, хүн төрөлхтний хувьд амин чухал зүйл болохыг би ойлгосон. Бусдын адил боломж бололцоо олдоогүйгээс болж хорвоо ертөнц хэдэн ч мундаг, гоц ухаантай хүнийг алдсан юм билээ гэж бодохоор надад харамсалтай санагддаг. ” хэмээн Си Эн Эн агентлагт ярьжээ.
Ричард Акото багшийн ажиллаж буй сургууль 2011 оноос хойш ганц ч компьютергүйгээр үйл ажиллагаагаа явуулж байсан ажээ. Гэтэл 14-15 насныхан ахлах ангид орохын тулд заавал улсын бичгэн шалгалтыг өгөх шаардлагатай ба уг шалгалтанд мэдээлэл, харилцаа холбооны асуулт зайлшгүй багтдаг юм байна.