Чөлөөт бөхийн 2018 оны оюутны УАШТ өнгөрсөн амралтын өдрүүдэд (III.24-25) Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн зааланд боллоо. Тэмцээнд 23 их, дээд сургууль, коллежийн 200 гаруй тамирчин эрэгтэй, эмэгтэйчүүдийн олимпийн зургаан жингийн ангилалд хүч үзсэн юм.
Сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 65, 86, 125, эмэгтэйчүүдийн 53, 62, 76 кг-ын жингийн барилдаан болсон. Насанд хүрэгчдийн ДАШТ-ий алт, мөнгөн медальт, залуучуудын дэлхийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин С.Цэрэнчимэд үрийн зулай үнэрлээд жил гаруй хугацааны дараа оюутны УАШТ-д 62 кг-ын жинд зодоглож хүрэл медалийн эзэн болсон юм. Тэрбээр хагас шигшээ барилдаанд өсч яваа 18 настай залуу тамирчин Д.Түмэнхүслэнд ялагдсан. Оюутны УАШТ-ий багийн дүнг Ц.Гантөгс дасгалжуулагчтай ҮБТДС 51 оноогоор тэргүүлж, Б.Эрдэнэболд дасгалжуулагч Монголын Үндэсний их сургууль, Д.Урианхай дасгалжуулагчтай “Аварга” Биеийн тамирын дээд сургууль 23 оноогоор мөнгө, хүрэл медалийн эзэн боллоо. Тэмцээнд түрүүлсэн болон амжилттай оролцсон тамирчид есдүгээр сарын 4-9-нд Бразилийн Гояна хотод болох оюутны ДАШТ-д оролцоно.