“Рио Тинто” группийн Гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак саяхан тус компанийн сүүлийн үеийн үйл ажиллагаа болон Монгол Улсын Сангийн сайд асан С.Баярцогттой холбоотой хэргийн талаар Bloomberg телевизэд ярилцлага өгчээ.
Тэрээр тус телевизэд ярилцлага өгөх үеэрээ “Өнгөрсөн долоо хоногт Швейцарийн дээд шүүхээс дэлгэсэн Монгол Улсын Сангийн сайд асан С.Баярцогтын хэрэгт “Рио Тинто” компани ямар ч хамаагүй. “Рио Тинто” компани Оюутолгойн уурхайн эзэмших эрхээ 2010 онд өргөжүүлэн хөгжүүлсэн, манай компани Оюутолгойн уурхайн үйл ажиллагааг Монгол Улсын Засгийн газартай хууль ёсны дагуу байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд явуулж байгаа бөгөөд одоогоор уул уурхайн ажил амжилттай явагдаж байгаа гэж ярьжээ. Мөн тэрээр “Рио Тинто” компаний хөрөнгө оруулалт хийсэн Оюутолгойн уурхайн энэхүү томоохон төсөл нь Монгол улсын эдийн засагт чухал ач холбогдолтой” хэмээн энэ үеэр онцлон тэмдэглэсэн байна.