Кемеровад гарсан гал түймэрт өртөж амь үрэгдсэн хүмүүсээс одоогийн байдлаар 25 хүнийг хэн болохыг нь олж тогтоогоод байна гэж ОХУ-ын Эрүүл мэндийн сайд Вероника Скворцова өнөөдөр мэдээллээ. Тэдний 13 нь 12-13 насны бага насны хүүхэд бөгөөд өнөөдөр амь үрэгдсэн хүмүүсээс эхний 9 цогцосыг нь төрөл төрөгсөдөд нь хүлээлгэж өгнө хэмээн тэрээр мэдэгджээ. Түүний хэлснээр одоогоор 15 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа ба тэдний 13 ийнх нь биеийн байдал бага зэрэг дээрдэж байгаа юм байна. Өнгөрсөн бүтэн сайн өдөр ОХУ-ын Кемерово хотын “Зимняя вишня” худалдааны төвд том хэмжээний гал түймэр гарсан бөгөөд үүний улмаас 64 амь үрэгдсэн юм. Энэхүү гал түймэр нь ОХУ-ын өнгөрсөн 100 жилийн түүхэнд гарсан 4 том гал түймрийн нэгэнд тооцогдож байгаа бөгөөд одоогоор энэхүү хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхлээд байна.