“The Voice of Mongolia” шоуны хоёрдугаар шат тун ч халуухан өрсөлдөөнүүдээр эхэллээ. Шүүгч, дасгалжуулагч нарын оролцогчдоо хэрхэн бэлдэж хооронд нь өрсөлдүүлж байгаа нь олны анхаарлыг ихэд татаж байсан бөгөөд өмнөх шатан дээр чамгүй шүүмжлэл хүртээд авсан дуучин Ука хэр сайн продюсер вэ гэдгээ жинхэнэ утгаар нь харуулаад амжлаа. Оролцогчдынхоо давуу талыг хэрхэн ил гаргаж яаж шоу хийдгийг ийн үзүүлсэн тэрээр өөрийн хүмүүстээ тайзан дээр үзэгчдийг байлдан дагуулдгийг сайтар зааж өгсөн бололтой. Түүний оролцогчид өөртөө итгэлтэй, өөрсдөдөө зохисон, өөрсдийгөө задалж чадсан гайхалтай үзүүлбэр үзүүллээ.