Тэмээгээр аялагч бүсгүй Н.Байгальмааг Ховд аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх хүлээн авч уулзлаа. Аялагч бүсгүй Н.Байгальмаа өнгөрсөн оны 10 дугаар сарын 30-нд Улаанбаатар хотоос гарч 1800 гаруй км замыг тэмээгээр туулж одоо Монгол Улсын баруун хил болох Ховд аймгийн Булган сумын нутаг Ярантын боомтод ирээд байгаа юм.
Тэрээр тус аймгийн баруун хилээр гарах бэлтгэлээ хийж, тэмээгээ Булган суманд орхиод аймгийн төвд бичиг баримтаа бүрдүүлэхээр ирэх үеэр Ховд аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, ЗДТГ-ын зарим хэлтсийн дарга нар хүлээн авч уулзжээ. Дэлхийд анх удаа ийнхүү алс холын аяныг тэмээгээр туулах монгол бүсгүйн зоримог чанар, хичээл зүтгэл шантрашгүй байж, зорьсон зорилгодоо хүрэхийг Ховд нутгийн иргэдийн өмнөөс хүсэн ерөөж, амжилт хүслээ.
Тэрээр удахгүй Монгол Улсын баруун хилээр гарч БНХАУ-ын Шинжаан уйгарын өөртөө засах орноор дайран Казахстан улсыг зорих бөгөөд хил гарахад шаардагдах бичиг баримт болон бусад бэлтгэлээ базааж байгаа ажээ.