Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Рашид Алимов 2018 оны 3 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд Монгол Улсад айлчилж байна. Айлчлалын үеэр Р.Алимов Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар болон Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ нартай уулзан, тус байгууллагын талаар мэдээлэл өгч, ШХАБ-ын хүрээнд хөгжүүлж буй хамтын ажиллагааны талаар санал солилцон, дэд бүтэц, дамжин өнгөрөх тээвэр, эрчим хүч болон бусад салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх боломж, цаашдын төлөв байдлын талаар ярилцлаа.
Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Рашид Алимов монголын эрдэмтэн судлаачид, яам байгууллагын мэргэжилтэн, оюутан сурагчдын төлөөлөлтэй уулзаж, ШХАБ-ын байдал, төлвийн талаар лекц уншиж, сонирхсон асуултад хариулав. Түүнчлэн тэрээр Монголд хийж буй айлчлалынхаа үеэр үндэсний телевизэд ярилцлага өгнө.
ШХАБ-ын өмнөх Ерөнхий нарийн бичгийн дарга нар 2007, 2014 онд манайд айлчилж байсан бөгөөд энэ удаагийн айлчлал тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргын түвшинд манай улсад хийж буй гуравдахь удаагийн айлчлал юм. Р.Алимов нь 2016 оны 1 дүгээр сарын 1-нээс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа бөгөөд өмнө нь Бүгд Найрамдах Тажикстан Улсын Гадаад хэргийн сайд, элчин сайд зэрэг өндөр албан тушаал хашиж байсан хүн юм.
Монгол Улс Төв Азийн бүс нутагт өрнөж буй улс төр, эдийн засгийн хамтын үйл явцад идэвхитэй оролцох гадаад бодлогын зорилтын хүрээнд 2004 онд тус байгууллагад ажиглагчийн статустай болж, дээрх байгууллагын үйл ажиллагаанд нь ажиглагчаар идэвхитэй оролцож байгаа болно.