Нийслэлийн Өмчийн харилцааны газраас \”Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлдвэрийн барилгыг 23 тэрбум 850 сая төгрөгөөр худалдан авахыг \”Таван богд” группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайханд санал болгож, хүсэлт хүргүүлсэн байгаа билээ. Одоогоор Ц.Баатарсайхан нийслэлийн Өмчийн харилцааны газарт албан ёсны хариу өгөөгүй байна. Хэрэв Ц.Баатарсайхан тус хэвлэх үйлдвэрийн барилгыг худалдан авахгүй, газрыг эзэмшихгүй гэвэл дахин нийслэлийн Өмчийн харилцааны газраас нээлттэй худалдаа явуулахаар төлөвлөжээ. Тэгвэл түүний хувьд өнөөдөр хүсэлтийн хариугаа өгөх сүүлчийн өдөр юм. Хэрвээ тэрбээр худалдан авахаас татгалзлаа гэх хариу өгөх юм бол дараагийн дуудлага худалдааг нээлттэйгээр зарлана. Өнгөрсөн 11 нэгдүгээр сарын 30-нд хотын төвийн \”А” зэрэглэлийн бүсэд байрлалтай \”Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлдвэрийн барилгыг нээлттэй дуудлага худалдаанд оруулсан билээ. 2698 метр квадрат бүхий эзэмшил газартай тус барилгын дуудлага худалдаанд зургаан иргэн, гурван аж ахуйн нэгж оролцсон. Дуудлага худалдаа Монгол Улсын иргэн Абдул Карим, \”Таванбогд” группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайхан, иргэн Б.Отгонжаргал нарын хооронд өрнөж, Абдул Карим 24 тэрбум төгрөгийн санал хэлснээр уг барилгыг авахаар болсон. Гэвч иргэн Абдул Карим монголчууд гэр бүлийн нэр хүндэд нь халдсан гэх шалтгаанаар уг барилгыг худалдан авахаа татгалзсан албан бичгийг нийслэлийн Өмчийн харилцааны газарт өгсөн.