Сагсан бөмбөгийн “International Eastern Cup-2018” өсвөр үеийн олон улсын тэмцээнд оролцож байгаа Монгол Улсын өсвөрийн шигшээ багуудаас 1 алт, 1 хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлээд байна. ХБНГУ-ын Берлин хотноо болж буй тус тэмцээний хөвгүүдийн U13 насны ангилалд өрсөлдсөн Д.Отгонбаатар дасгалжуулагчтай баг, Германы багийг 42:31 онооны харьцаагаар хожиж, аваргын алтан медалийг хүртжээ. Харин охидын U14 насны ангиллын манай баг хүрэл медалийн төлөө эзэн орны багтай тоглож ялалт байгуулсан байна. Мөн хөвгүүдийн U14, U15 насны ангилалд өрсөлдөж байгаа Монголын багууд хагас шигшээд хүчтэй өрсөлдөгчөө хожиж, шигшээ тоглолтод шалгарчээ. Тэд, Герман болон Нидерландын багуудтай тоглох юм. Олон улсын сагсан бөмбөгийн холбооны ивээл дор жил бүр зохион байгуулдаг тус тэмцээнд 20 гаруй орны баг тамирчид оролцож байна. Манай улсаас хөвгүүдийн U13, U14, U15, U16, охидын U14, U15 гэсэн ангилалд нийт долоон баг оролцож байгаа юм. Тэмцээн өнөөдөр өндөрлөж, шилдгүүдээ тодруулна.