Бүх оролцогч талууд Скрипалийн хэрэг явдлаас үүдсэн сөргөлдөөнт байдлаа аль болох хурдан хугацаанд зогсоож “Хүйтэн дайн”-ы үеийн сөргөлдөх бодлогоосоо татгалзхыг манай улс талуудад уриалж байна гэж БНХАУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Гэн Шуан өнөөдөр мэдэгдлээ. Тэрээр хэвлэлийн бага хурал дээр цааш нь хэлэхдээ ”Бид оролцогч бүх талууд өнөөг хүртэл энэ асуудлын талаар нэгдмэл байр суурьт хүрээгүй байгааг анхааран ажиглаж байгаа бөгөөд БНХАУ сөргөлдөгч бүх талууд Скрипалийн хэрэг явдлыг аль болох хурдан дуусгах ёстой гэж үзэж байна” хэмээн мэдэгдсэн байна. Энэ сарын 4-нд Их Британы Солсбери хотод ОХУ-ын тагнуулч асан Сергей Скрипаль болон түүний охин Юля нар үл мэдэгдэх химийн бодисонд хордсон бөгөөд Их Британы тал энэ асуудалд ОХУ буруутай хэмээн үзэж тэднийг тус улсад үйлдвэрлэсэн А234 гэх хороор хордуулсан хэмээн мэдэгдсэн юм. Харин ОХУ энэ асуудалд ямар ч холбоогүй хэмээн мэдэгдсэн ба уг асуудлаас үүдэн Их Британи болон Европын холбооны олон улс мөн АНУ, Канад зэрэг улсууд Оросын эсрэг хариу арга хэмжээ авч тус улсын 100 гаруй дипломат ажилтанг эх орноосоо хөөх шийдвэрийг гаргасан билээ.