Баянхонгор аймгийн Галуут сумын Сүмбэр багийн “Балгант” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 35 км-т/ 19 настай иргэн М /эрэгтэй/ өчигдөр 18:00 цагийн үед малдаа яваад сураггүй болжээ. Энэ талаар 5-ны 02:30 цагт мэдэгдэж орон нутгийн 9 иргэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа юм байна.
Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Эмт багийн “Эмт” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 15 км-т/ 40 настай иргэн Т /эрэгтэй/ мөн өчигдөр 19:00 цагийн үед малдаа яваад сураггүй болсон байна. Энэ тухай дуудлагыг 5-ны 00:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр багийн “Цагаан тойром” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 15 км-т/ 38 настай иргэн Б /эрэгтэй/, 35 настай иргэн У /эрэгтэй/ нар өчигдөр 18:00 цагийн үед малдаа яваад мөн сураггүй болжээ. Сураггүй болсон гэх дуудлагыг өчигдөр 00:30 цагт хүлээн авсан тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн “Богино шанд“ гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 7 км-т/ 35 настай иргэн Б /эрэгтэй/ өчигдөр 23:00 цагийн үед малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 5-ны өдрийн 01:30 цагт хүлээн авсан аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид түүнийг эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.
Өвөрхангай аймгийн Арвайхээр, Зүүнбаян-Улаан, Өлзийт, Тарагт, Хайрхандулаан сумдад иргэд малдаа яваад сураггүй алга болсон болон цасанд суусан тухай 10 дуудлагыг хүлээн авчээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид орон нутгийн иргэдийн хамт ажиллаж, 28 том хүн, 6 хүүхэд, нийт 34 хүний амь биеийг аварсан байна.
Төв аймгийн Сэргэлэн сумын Авдар багийн “Цагаан амын бэлх“ гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 70 км-т/ 13 настай Л /эрэгтэй/ өчигдөр 20:00 цагийн үед малдаа яваад сураггүй болж. Энэ талаар өчигдөр 23:30 цагт мэдэгдэж, орон нутгийн иргэд эрэн хайх ажиллагааг зохион байгуулсны дүнд эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.