Жан Жоншэн өөрийн хэт их шуналаасаа болж хотын ард түмэнд төдийгүй улс оронд их хэмжээний хохирол учруулсан хэмээн шүүх үзэж түүнд хамгийн хүнд шийтгэл ногдуулжээ.
БНХАУ-ын Шанши хотын орлогч дарга Жан Жоншэнийг 160 сая ам.долларын хахууль авсан хэрэгт буруутган, ийнхүү цаазын ял оноосон байна. Түүний хувьд давж заалдаж болох бөгөөд цаазын ялыг хэвээр үлдээх эцсийн шийдвэрийг Дээд шүүх нь гаргах аж.
Төрийн албанд 40 гаруй жил ажилласан, одоо 65 настай Жаныг тус улсын Намын хяналтын хороо 2014 оноос эхлэн шалгажээ. Шүүх түүнийг 1997-2013 оны хооронд компанийн захиралуудаас 1 тэрбум гаруй юань хахуульд авч, хариуд нь нүүрс олборлох зөвшөөрөл олгодог байсан гэж байгаа юм. Мөн түүнийг 130 сая юанийн хөрөнгийнхөө эх үүсвэрийг тайлбарлаж чадахгүй байсан гэж шүүхийн шийдвэрт тэмдэглэжээ. Түүнчлэн хахууль авсан хөрөнгөө улсад эргүүлж тушаагаагүй гэж бичсэн байна.
БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин 2012 онд эрх мэдлээ авч, хятад улсыг удирдах болсноосоо хойш авлигын эсрэг эрс хатуу тэмцлийг эхлүүлсэн.
Жан Жоншэн нь Люлиан хотод ихээхэн нөлөө бүхий хүч чадалтай нэгэн байсан учир “Загалмайлсан эцэг” хэмээн нэрлэгдэх болжээ. Харин түүнд оногдуулсан ял шийтгэлийн хувьд, эдийн засгийн гэмт хэрэгт ногдуулсан хатуу шийтгэл болсон нь Ши Жиньпиний авлигын эсрэг ажлын нэгэн жишээ болж байна.