Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Үндэсний бөхийн дархан аварга Жигжидийн Мөнхбатыг өнөөдөр өглөө төрийн хүндэт харуулын дор хүндэтгэн сүүлчийн замд нь үдлээ. Аваргыг сүүлчийн замд нь үдэхээр түүний хүү, Японы сүмо бөхийн их аварга М.Даваажаргал, дархан аварга Б.Бат-Эрдэнэ болон ах дүү, төрөл төрөгсөд, спортын салбарынхан иржээ. Цас хаялсан энэ өдөр Монголчуудын хайртай аваргын шарилыг Алтан-Өлгийд нутаглуулав.
Дархан аварга, УИХ-ын гишүүн, Бөхийн холбооны тэргүүн Б.Бат-Эрдэнэ “Таны тооцоотой нягт барилдаан, хөдөлмөрч тууштай зан чанар, аатай омголон дүр төрх бидний зүрх сэтгэлд хоногшин үлдлээ. Та эх орныхоо алтан хөрс шороонд амгалан нойрс доо” хэмээн хэлсэн юм.
Монголын ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн Дархан аварга Жигжидийн Мөнхбат үндэсний бөх болон чөлөөт бөхийн төрлөөр тив дэлхийд гарамгай амжилт үзүүлсэн тамирчин юм.
Тэрээр Монгол Улсын чөлөөт бөхийн тамирчдаас олимп, ДАШТ-ий анхны медалийг эх орондоо авчирчээ. Жигжидийн Мөнхбат 1967 онд Энэтхэг улсын Шинэ Дели хотноо болсон чөлөөт бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн бол дараа жил нь Мексикийн Мехико хотод зохиогдсон зуны олимпын наадмаас мөнгөн медаль хүртэж байв. Мөн үндэсний их баяр наадамд 1963-1967, 1974 онуудад зургаан удаа түрүүлсэн билээ.