Бэлэн хувцасны алдарт Tommy Hilfiger брэнд хаврын шинэ коллекцоо худалдаанд гаргаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан шинэ загваруудаа танилцуулжээ. 2016 онд тус компаниас анх удаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулан тусгай загвар гаргаж байсан удаатай.
Тэд загварын салбарт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг оролцуулж байдаг Runway of Dreams төрийн бус байгууллагатай хамтран ажилласан юм. 2017 онд нэрт загвар зохион бүтээгч Томми Хилфигер тусгай хэрэгцээт насанд хүрэгчдэд зориулсан коллекцоо гаргажээ.
Харин 2018 оны хаврын энэхүү коллекцид нь даашинз, өмд, хүрэм, юбка, шорт гэгчлэн бүхий төрлийн хувцсыг багтаажээ. Эдгээр нь Tommy Hilfiger брэндийн энгийн загваруудаас ялгарахааргүй боловч хэд хэдэн чухал өөрчлөлтийг хийж чадсан байна. Тухайлбал, соронзон товч, хэмжээг нь тохируулдаг хажлага, хаалт, нэг гарт цахилгаан товч гэх мэт олон янзын түвшний чадавхтай иргэдэд зориулсан хувцаснуудыг үйлдвэрлэжээ.
Түүний гаргасан эдгээр загвар бусад загвар зохион бүтээгчдэд ч мөн үлгэр жишээ болж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан улам олон төрлийн хувцас худалдаанд гаргахад эерэг нөлөөг үзүүлнэ гэдэгт найдаж байна.
Б.Болормаа