Авто тээврийн үндэсний төвөөс тээврийн хэрэгслийн бүртгэлтэй холбоотой цөөнгүй шинэчлэл хийж байгаагийн нэг бол тээврийн хэрэгслийн гэрчилгээг англи орчуулгатайгаар хэвлэх. Өнгөрсөн гуравдугаар сарын 13-наас тээврийн хэрэгслийн гэрчилгээг олон улсын стандартад нийцүүлэн, англи орчуулгатайгаар гаргадаг болжээ. Гэрчилгээг шинэчлэхийн сацуу тээврийн хэрэгсэл эзэмшигчдийн мэдээллийг нэгтгэх, зөрүүг нь гаргах ажлыг гүйцэтгэж байна.
Тухайлбал, хэдэн жилийн өмнө хилээр орж ирсэн автомашинуудын техникийн мэдээллийг зөрүүлж бичих тохиолдол түгээмэл байсан аж. “Приус” маркийн автомашины хөдөлгүүрийн багтаамж 1496 байдаг. Гэтэл 1500 гээд бүхэл тоогоор бичсэн нь иргэдэд хүндрэл учруулдаг байна. ОХУ руу зорчих гэж буй иргэдийг бүртгэлийн мэдээлэл нь зөрүүтэй байна гэж буцаах тохиолдол бий.
Мөн иргэд иргэний үнэмлэх дээрх гэрийн хаягаа өөрчилсөн ч автомашины гэрчилгээ дээр хуучин хаяг нь бичээстэй байдаг. Тиймээс торгуулийн хуудас явуулах, эзэмшигчтэй нь холбоо барихад хүндрэл үүсдэг. Ийнхүү гэрчилгээ шинэчлэхэд энэ мэт асуудал цэгцрэх юм байна.
Иргэд хүссэн үедээ гэрчилгээгээ солих боломжтой. Гэрчилгээний үнийн тухайд, шинэ гэрчилгээ авах бол 7300 төгрөг, шилжүүлэг хийх бол 5100 төгрөг, хаяж гээгдүүлсэн бол 29100 төгрөг болох аж. Мөн тээврийн хэрэгслийнхээ мэдээллийг зөрүүтэй байгаа эсэхийг Авто тээврийн үндэсний төвийн 1900- 1234, 1900-70070018 дугаараас асуух боломжтой гэнэ.