Археологичид хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн олон хүүхдийг нэг дор хөнөөсөн эртний олдвор олсон байна. Энэ нь Перу улсын хойд эрэг орчмын нутагт одоогоос 550 жилийн өмнө 140 гаруй хүүхдийг нэгэн зэрэг хөнөөсөн олдвор ажээ.
Олдвор нь эртний “Chimu” соёл иргэншлийн төвийн ойролцоо орших одоогийн Тружиллогоос олдсон байна. Түүнчлэн хүүхдүүдийн дэргэд 200 залуу тэмээн гөрөөсийг мөн л нэг дор хөнөөсөн байжээ.
Үндэсний газарзүйн нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр хийсэн энэхүү нээлтийн тухай Үндэсний газарзүйн вэб сайтад нийтлэгдсэн байна. Ахлах судлаачдын нэг Жон Верано “Хэзээ ч ийм олдвор олно гэж бодож байсангүй. Бас дахин ийм зүйл олдохгүй байх гэж бодож байна” хэмээн хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Тус олдвор олдсон нутагт 2011 онд “Hunachaquito-Las Llamas” гэх газарт мөн л олон хүнийг нэг дор хөнөөсөн олдвор олдож байжээ. 3,500 жилийн настай хийдийн малталтын үеэр 40 хохирогчийн цогцос, 74 тэмээн гөрөөс гарч ирсэн байна.
Дээрх олдворт 5-14 орчим насны 140 гаруй хүүхэд байснаас ихэнх нь 8-12 насныхан байсан аж. Тэдгээр хүүхдүүд тахил өргөх ёслолын золиос болсон гэж судлаачид тайлбарлажээ. Тэдний яс, хавиргыг хугалж гэмтээснээс гадна зүрхийг нь авч, улаан өнгийн будаг түрхсэн байсан нь тахилын зан үйлийн нэгээхэн хэсэг аж.
Орчуулсан Б.Болормаа