Аугаа их ялалтын баярын 73 жилийн ойн өдөр өчигдөр тохиож, уламжлал ёсоор ОХУ-ын нийслэл Москва хотын Улаан талбайд түүхт ойд зориулсан цэргийн сүрт жагсаал боллоо. Жагсаалын нээлтийн хөгжмийг ОХУ-ын хөгжмийн удирдаач удирдан тоглуулсан бол хаалтын хөгжмийг Монгол Улсын торгон цэргийн удирдаач удирдсан нь сонихон байв. Ийнхүү Монгол цэргийн удирдаачийн командаар Москва хот даяар орос цэргийн хөгжим эгшиглэсэн энэхүү үйл явдлыг Монголчууд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин манай улсыг хүндэтгэж буйн нэг хэлбэр хэмээн үзэж байгаа аж. Энэ жилийн цэргийн парадад 13 мянган цэрэг оролцжээ.