УИХ-ын гишүүн Д.Гантулга хүчингийн гэмт хэрэгт холбогдоод бүтэн жилийн хугацаа өнгөрч байна. Болчимгүй үйлдлийнхээ төлөөсөнд нэр хүнд, улс төрийн карьераа нэгмөсөн тавиад туучихаж мэдэхээр байгаа тэрээр энэ хэргээс бултаж, нуугдах, өөрөөсөө зайлуулж, холдуулах гэж янз бүрээр л үзсэн. Мөн хохирогч тал “УИХ-ын гишүүн Д.Гантулга албан тушаалаа ашиглан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийнхэнд нөлөөлсөн” хэмээн гомдол гаргаснаар дуулианы эзэнтэй холбоотой хэргийн материалыг УЕПГ-т өнгөрсөн намар хянаад, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан дүүргийн хяналтын прокурорын шийдвэрийг цуцалж, хэргийг сэргээн шалгуулахаар болсон. Д.Гантулгын хэргийг өдгөө АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаад байгаа юм. Тэгвэл хамгийн сүүлийн үеийн мэдээллээр Д.Гантулгын мөрдөн шалгах ажиллагаа дууссан бөгөөд яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар удахгүй прокурорт шилжүүлэх гэнэ.