Өнгөрсөн жилээс эхлэн нийслэл хотын иргэд болон жуулчдыг татах зорилгоор зохион байгуулж эхэлсэн “Шөнийн гэрэлт гудамж” өнөөдөр 20:00 цагаас нээлтээ хийнэ. Циркийн хойд уулзвараас “Наран Плаза” төвийн уулзвар хүртэлх 440 метр зам өнөөдрөөс эхлэн аравдугаар сарын 1-ний өдөр хүртэл үдшийн 20:00 цагаас шөнийн 04:00 цаг хүртэл ажиллах юм.
Шөнийн гэрэлт гудамж нээгдсэнтэй холбоотойгоор тус гудамжаар зорчдог “Сэлбэ-МУБИС-Вокзал” чиглэлд бага зэргийн өөрчлөлт оржээ. Өөрөөр хэлбэл тус чиглэлийн автобус баасан гарагийн 20:00 цагаас ням гарагийг дуустал вокзалаас шууд Богд ар хорооллын замаар Энхтайвны өргөн чөлөөгөөр төв замаар зорчихоор болсон байна. Өнгөрсөн жил шөнийн гэрэлт гудамжийг зургадугаар сарын 8-ны өдөр албан ёсоор нээж байсан юм. Улаанбаатар хотыг Зүүн хойд Азийн аялал жуулчлалын төв болгох Нийслэлийн Засаг даргын хөтөлбөрт тусгаснаар энэ гудамжийг нээж байгаа билээ.