Төрийн хошой шагналт, эрдэмтэн, зохиолч Чадраабалын Лодойдамба, түүний гэргий Ардын жүжигчин Чимидийн Долгорсүрэн нарын дурсгалын хөшөө Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд бүтээн босголоо.
Эрдэмтэн зохиолч Ч.Лодойдамбын мэндэлсний 100 жилийн ойд зориулж түүний үр хүүхэд ач, зээ, төрөл төрөгсөд санаачлага гарган монгол түмнийхээ сэтгэлийн өглөгөөр бүтээсэн нь энэ юм.
Чадраабалын Лодойдамба 1917 онд Говь-Алтай аймагт төржээ. Бага наснаасаа сургууль соёлын мөр хөөж, 1954 онд МУИС төгсөж, улмаар ЗХУ-д аспирантурт суралцан урлаг судлалын ухааны дэд эрдэмтэний зэрэг хамгаалжээ.
Уран бүтээлээ 1940 оноос эхэлж “Алтайд”, “Тунгалаг тамир” роман, “Манай сургуулийнхан” тууж, “Малгайтай чоно”, “Солонго, “Дусал нулимс юу гэж хэлсэн бол” зэрэг олон арван шилдэг өгүүллэг бичсэний гадна “Гарын таван хуруу”, “Өөрийн замаар”, “Итгэж болно” драмын жүжиг, “Энэ хүүхнүүд үү” кино зохиол бичсэн байна. Зохиолчийн “Тунгалаг тамир” “Алтайд” роман орос, чех, румын, болгар, вьетнам, солонгос, япон зэрэг хэлнээ хэвлэгджээ.
Ч. Лодойдамба БНМАУ-ын Төрийн шагналыг 1954 онд «Алтайд» роман болон «Манай сургуулийнхан» туужаар, 1971 онд “Тунгалаг тамир” романаар хоёр удаа хүртсэн юм.