МАХН-ын удирдлагууд өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн Ц.Шаравдорж МАХН-ын гишүүн УИХ-ын гишүүн О.Баасанхүүг зодсон тухай мэдээллийн талаар хэлэхдээ “О.Баасанхүү гишүүн үндэслэлгүй зүйл ярьж олон нийтийг төөрөгдүүлж байна. Тэрээр шүүх хуралдааны танхимд “Май чи!” гээд л салаавч гаргаад танхайраад байсан. Энэ бүх үйлдэл нь камерт бичигдсэн байгаа. Шүүх танхимд танхайраад байхаар нь МАХН-ын гишүүд шаардлага тавьсан. Түүнээс биш түүнийг барьж авч зодсон МАХН-ын нэг ч гишүүн байхгүй. УИХ-ын гишүүний ёс зүйгээ илт зөрчиж сошиал орчинд илт худал мэдээлэл тарааж байгаа О.Баасанхүүг УИХ-ын Ёс зүйн хороонд өгнө” гэлээ. Тэгвэл өчигдөр цахим ертөнцөөр УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн биед МАХН-ын гишүүн Н.Уламбаяр халдаж, гишүүн эмнэлэгт хүргэгдсэн тухай мэдээлэл цацагдсан юм. Харин МАХН-ын удирдлагууд уг мэдээллийг үндэслэлгүй худал зүйл гэж мэдэгдлээ.